
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө.
Тэрээр "Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” аян салбар бүрд эрчимтэй хэрэгжиж байна. Үүний хүрээнд бизнесийн 146 зөвшөөрлийг мэдэгдээд эхэлдэг болох тогтоолыг баталлаа. Энэ тогтоол хэрэгжсэнээрээ фитнесс, кофе шоп, гуталчин, оёдолчин зэрэг эрсдэл багатай бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж буй иргэд E бизнест хүсэлтээ өгдөг болно.
Мөн өнөөдрөөс эхлээд төрийн аль ч байгууллага IT программ хангамж хөгжүүлэхээ зогсооно. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүйгээр зөвхөн хувийн хэвшлийнхний хэрэглээнд нэвтрүүлсэн программ хангамжийг хэрэглэнэ. Худалдан авагч биш хэрэглэгч болж ажиллах тогтоол батлагдсан. Энэ хүрээнд төр мэдээллийн сан, аюулгүй байдлаа хариуцна. Дэд бүтэц, хөгжүүлэлтийг хувийн хэвшил хариуцаад явах нөхцөл боломж өнөөдрөөс бүрдэж байна. 2015 оноос хойш өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 230 гаруй сая ам.долларыг мэдээллийн технологийн салбарт буюу программ хангамж хөгжүүлэхэд зарцуулсан байна.
Цаашадаа төр өөрөө хөгжүүлээд явбал нэгдүгээрт хүний нөөцийн дутагдалд орно. Хоёрдугаарт, мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүний төрөөс гарах хөгжүүлэлтийн зардал нэмэгдсээр байх учраас Монгол Улсын IT салбарын хувийн хэвшлийн чадамжид итгэж энэ шийдвэрийг гаргалаа.
Өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчид цагийн уян хатан менежментэд шилжлээ. Үүний хэрэгжилтийг маш сайн хангаж ажилласан. Монгол Улсын 59 агентлаг, яамд, төрийн байгууллагууд, нийслэлийн есөн байгууллага түүний харъяа 99 байгууллага нэг өдөр зайнаас ажиллахыг хэрэгжүүлээд ажиллаж байна. Цаашдаа иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс хэн гэдэг албан хаагч долоо хоногийн аль өдөр, сарын аль өдөр зайнаас ажиллаж байгаа гэдэг мэдээллийг төрийн байгууллага вэб сайт болон пэйж хуудсаараа нээлттэй мэдээлнэ" гэв.