
Япон улсад 2025 онд ХДХВ-ийн халдвар тээгч болон ДОХ-ын нийт 890 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 104-өөр буурсан үзүүлэлт болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд бүртгэгдсэн хоёр дахь хамгийн бага үзүүлэлт аж.
ХДХВ-ийн халдвар тээгчдийн шинэ тохиолдол 38-аар буурч, 624 болсон нь сүүлийн 20 жилийн хамгийн бага үзүүлэлт болжээ. Харин ДОХ-той гэж оношлогдсон хүмүүсийн тоо 66-аар буурч, 266 болсон байна.
Халдвар дамжсан замаар нь авч үзвэл ижил хүйстний бэлгийн хавьтал хамгийн түгээмэл шалтгаан байж, ХДХВ-ийн халдвар тээгчдийн 404, ДОХ-ын өвчтөнүүдийн 139 тохиолдол үүнтэй холбоотой байжээ.
Насны бүлгээр авч үзвэл ХДХВ-ийн халдвар тээгчдийн дунд 20-иод насныхан хамгийн олон буюу 219 тохиолдолтой байсан бол 30-аад насныхан 216 тохиолдлоор удаалжээ.
Харин ДОХ-той өвчтөнүүдийн дунд 50 болон түүнээс дээш насныхан хамгийн олон буюу 86 тохиолдолтой байсан бол 30-аад насныхан 73 тохиолдлоор удаалсан байна.
ХДХВ-ийн эсрэг бие илрүүлэх шинжилгээний тоо 107 083 болж буурчээ. Мөн ХДХВ, ДОХ-той холбоотой зөвлөгөө, мэдээлэл авсан тохиолдол 73 359 бүртгэгдсэн нь хоёр дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт болж буйг Эрүүл мэндийн яам нь онцоллоо.