
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Хоёр их наядын алдагдалтай төсөв батлагдав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баасан гарагт 2027 оны төсвийг баталлаа. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 39.2 их наяд, зарлага 41.5 их наяд төгрөг байна.
Засгийн газар төсвийн төсөлтэй хамт Оюутолгойгоос орж ирэх гурван их наядын ногдол ашгийн хоёр их наядыг нь эрчим хүч, боловсролын салбарын төслүүдэд зарцуулах санал оруулж ирсэн. Гэвч явцын дунд Засгийн газар уг саналаа татаж авсан юм. Ингэснээр төсвийн хэлэлцүүлгийн үеэр эрчим хүчний зарим төслийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр өөрчилсөн.
2027 онд хөрөнгө оруулалтад 5.77 их наядыг зарцуулж 815 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 497 төсөлд 2.55 их наяд, шинээр эхлүүлэх 318 төсөлд 3.22 их наядыг зарцуулах юм. Мөн нийт хөрөнгө оруулалтын 88.6 хувь нь барилга байгууламжид зарцуулагдах ажээ. Тухайлбал, 94 сургууль, 419 цэцэрлэг, 42 дотуур байр, 36 эмнэлэг, 375 км авто зам ашиглалтад оруулж, боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 2.1 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. 2027 оны эхнээс ахмад настны тэтгэврийг нэмэх юм. Давхардсан тоогоор 2 сая орчим иргэн, 220 мянга орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж төсвийн үр өгөөжийг шууд хүртэнэ гэж тооцоолж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт
180 орчим бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 250 тэрбум төгрөгөөр буурна. Гарааны бизнесийн эхний гурван ажилтныг 36 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Давхар ажил эрхэлдэг иргэн нэг ажлаа сонгож нөгөөгийнх нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Ахмад настныг ажиллуулж буй ААН нийгмийн даатгалмын шимтгэлээс чөлөөлөгдөнө
Сангийн сайд З.Мэндсайхан
2027 оны төсвийг эдийн засгийн өсөлтийг иргэдийн өдөр тутмын амьдралд мэдрүүлэхэд чиглүүллээ. Ирэх онд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах, бизнесээ дэмжих, эрчим хүч, зам, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн
Засгийн газар 3 их наяд иргэддээ тараагаад, 41 их наяд дотроо гишүүдийн тойргийн төслүүдийг оруулж, хэл амгүй батлуулж авах бодлого нь сайн хэрэгжлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ирэх оны 3-4 дүгээр сард энэ мөнгөө тараах болов уу . Төгрөг цаас болно, иргэд улам ядуурна, чадалтай залуус нь улсаасаа дайжна, сонгууль харин сайхан болоод дуусна.
Эрчим хүчний сайд Б.Найдлаа
Эрчим хүчний салбарт нийт 479 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Үүний 261 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал. Монгол Улсын эрчим хүчний салбарт үүсээд байгаа шугам сүлжээ, их засвар, станц болон дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ хэмжээний төсөв үнэхээр хангалтгүй.
Засгийн газар 2027 онд эдийн засаг 5.8 хувиар өсөж, инфляц найман хувьтай байна гэж тооцоолсон.
Инфляц 13.4 хувьтай гарлаа
Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс 10 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар нэмэгдэж, 13.4 хувь болж эрчимжлээ. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар өндөр байгаа юм.
Инфляцын түвшин 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь байсан бол 2026 оны 10 дугаар сард 13.4 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (32.8%) тус тус нөлөөлжээ.
Инфляц 13.4 хувьтай гарахад 4 нэгж хувийг махны үнэ, 2.8 нэгж хувийг бензин түлш, 2.1 нэгж хувийг импортын барааны үнэ, 4.4 нэгж хувийг дотоодын барааны үнэ бүрдүүлж байна. Хэрэглээний үнийн индекст оны II улиралд махны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байсан бол III улирлаас олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Жилийн өөрчлөлтөөр харвал, хүнс болон барааны бүлгийн үнийн өсөлт 2 дахин эрчимжсэн бол үйлчилгээний үнийн өсөлт саарсан дүнтэй байна.
"Оюу Толгой" ХХК гурван их наяд төгрөгийг гурван үе шаттайгаар шилжүүлнэ
“Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ Монгол Улсын Засгийн газарт захидлаар мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь "Оюу Толгой" ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэдгийг захидалд тэмдэглэжээ. Сангийн сайд З.Мэндсайханы хэлснээр "Оюутолгой" ХХК гурван их наяд төгрөгийг гурван үе шаттайгаар шилжүүлнэ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгодог төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээлээ. Монгол Улсын Шинжлэх ухааны академид Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж уг шагналыг өгсөн юм.
Мөн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан.
Сураггүй алга болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сураггүй алга болсон иргэдийн талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл " 2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр иргэн А "Манай охин есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа гараад сураггүй алга болсон" гэх гомдол, мэдээллийг ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн О нь мөн өдрийн 18:00 цагийн үед ажлын газраасаа гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон. Түүний хаана байгааг олж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус хэрэгт хоёр удаа, тав хоногт давхардсан тоогоор 160 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Улмаар нэг иргэнийг уг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Дорнод аймгийн Баяндун суманд 10 дугаар сарын 3-нд иргэн Ш алга болсон гэх гомдол, мэдээлэл мөн сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэг дээр 23 хоногийн хугацаанд 844 хүн эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Уг ажиллагаа одоо ч үргэлжилж байна.
Увс аймагт иргэн А 10 дугаар сарын 15-ны өдөр малд яваад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. 14 хоногийн хугацаанд 700 гаруй албан хаагч эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Ар гэрийн хүсэлтээр 10 сарын 29-нд түр зогсоосон ч ар гэрийн хүсэлтээр дахин эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв.
Мөн энэ оны 10 дугаар сарын 29-ны өдөр иргэн А Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос гарч яваад сураггүй болсон юм. Ийнхүү өнгөрсөн саруудад нийт дөрвөн иргэн сураггүй болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.