
Шинэ үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг Жулиан Барнс энэ жил наян нас хүрч буй билээ. “Мэн Бүүкэр”-ийн эзэн болох эл эрхэм наян насныхаа ойг угтан “Departire” хэмээх шинэхэн романаа уншигчдад хүргэсэн юм. Хамгийн сонирхууштай нь тэрээр эл бүтээлээ өөрийнх нь бичих “Сүүлчийн роман” гэж зарлажээ.
Жулиан Барнс 1970-аад оноос эхлэн нийт 27 ном бичсэн бөгөөд “Departure” нь түүний 15 дахь роман юм. Барнсын “Төгсгөлийн мэдрэмж”, “Айх зүйл үгүй” зэрэг бүтээлүүд нь монгол хэлнээ хэвлэгджээ.
Ийнхүү Жулиан Барнс наян насандаа сүүлчийн романаа хэвлүүлэх гэж байгаатай холбогдуулан түүний уран бүтээлийн шидээврүүдийн хуудсыг эргэн сөхөж үзье.
DUFFY (1980)
“Duffy” бол зохиогч өөрийн жинхэнэ нэрийг хуудас дээр нь тавьсан анхны роман хийгээд гэмт хэргийн цуврал романуудынх нь эхлэл. Гэхдээ энэ удаад тэр Дан Каванаг хэмээх нууц нэр ашиглажээ. Бисексуал хувийн мөрдөгчийн тухай өгүүлэх уг зохиолыг Барнс ердөө арав хоногийн хугацаанд бичсэн гэдэг. Тус бүтээл нь Барнсын ажигч, ёжтой бичлэгийн өнгө аясыг тод томруун харуулдаг. Тэгээд ч уншигчдыг цочирдуулам төгсгөл нь зохиолыг егөөдөлт шинж чанарыг илүүтэй тодруулж өгдөг.
Онцлох эшлэл: “Өглөөний эхний хоёр цагт дуу чимээ хязгааргүй холд тархдаг. Наалдамхай цонхны зөөлөн чихрах чимээг “панда” машин милийн цаанаас л сонсчихдог”.
THE PORCUPINE (1992)
Барнсын хамгийн богино роман. Нэгэнтээ задран унасан Европын коммунист дэглэмийг элэглэсэн хурц шог. Удирдагч асан Петкановыг зурагтаар дамжуулан шүүх гэж байгаа хэдий ч тэр өөрийгөө буруугүй гэж үздэг. Мөн ард түмэн намайг хайрласан гэж мэлзэнэ. Барнс уг зохиолдоо Горбачёв болон барууны коммунизмын бодлогыг эрс шүүмжилж тухайн үеийн эрх баригчид гар хүрсэн бүхнээ ялзрал руу хөтөлж, ямагт худал ярьдаг байсныг жигшдэг. Түүний романы үзэл санаа өнөө ч бидэнд хэрэгтэй, нийгэм бүхэлдээ ардчилалд ялж чадаагүйг сануулдаг. Тэгээд ч хуучин дэглэм хэзээ ч мөхдөггүй, үргэлж боломжтой цагийг хүлээж байдаг гэх утга санаа романы өрнөлийг тодорхойлно.
Онцлох эшлэл:
“Хүнийг саваагаар зодоод ‘намайг хайрла’ гэж тушаавал, эцэст нь тэд чиний сонсохыг хүссэн үгийг хэлнэ”.
THE LEMON TABLE (2004)
Барнс нийт гурван өгүүллэгийн түүвэр хэвлүүлжээ. Харин эл бүтээл бол хоёр дахь нь агаад мөнх бусын талаарх сэдвийг хөндөнө. Жишээ нь “A Short History of Hairdressing” өгүүллэгийн гол дүрийн эрэгтэй аж төрөхүйгээ бүхэлд нь үс засалтаар хэмждэг. Түүний хувьд залуу нас, гэрлэлт хоёр л хүний амьдралын цорын ганц, үнэмшилтэй адал явдал гэдгийг онцлоно. Үүнээс гадна “Hygiene” өгүүллэгтээ бэлгийн харилцаа, үхлийн сэдвийг хөнддөг бол “Knowing French” өгүүллэгээрээ өөрийнхөө номыг шүүмжилжсэн нь бий.
Онцлох эшлэл: “Зүрх шархирах нь банз цуурахтай адил”.
THE SENSE OF AN ENDING (2011)
Букерын шагналын жагсаалтад дөрөв дэх удаагаа нэр дэвшсэний эцэст Барнс уг бүтээлээрээ тэргүүлсэн билээ. Хүүхэд насныхаа дурсамжаар дамжуулж тэнд мартаж үлдээсэн бүхнээ сэргээн, мартагналаасаа өөрийн амьдралаа “сэргээн засварлаж” буй хижээл эрийн түүх нь бодит ба хоосон, үнэн болоод худал, дурсамж хийгээд мартагналын заагийг хөвөрдөн холбожээ. Дурсамж хөвөрч эхэлсэн л бол түүнийг зогсоох тун ч бэрх ажил байж мэдэх юм.
Онцлох эшлэл: “Гэмшил гэдэг үг угтаа ‘дахин хазах’ гэсэн утгатай. Яг л тэр утгаараа чамайг мэрнэ”.
STARING AT THE SUN (1986)
Уг роман ирээдүйгээс өнгөрсөн рүү харна. Мөн л дурсамж. Харин ирээдүй гэдэг нь өдгөө өнгөрсөнд үлдсэн 2020 он байв. Барнс тухайн үед цахим ном, хиймэл оюун ухааны талаар урьдчилан таамаглаж бүтээсэн зөгнөлт шинжтэй эл зохиолд Жан Сержант хэмээх өтөл настай гол дүрийн эмэгтэйн амьдралын эргэцүүлэл уншигчдыг хуудсаас хуудаст хөтөлдөг.
Онцлох эшлэл: “Тэр Майкл, секс хоёрын тухай бодохдоо үе үе суллах шаардлагатай, усаар дүүрсэн усан санг төсөөлдөг байлаа.”
ARTHUR & GEORGE (2005)
Түүхэн бодит явдлаас сэдэвлэн бичсэн уг бүтээлдээ Артур Конан Дойлыг гол дүрээ болгон дүрсэлжээ. Харин энэ удаад мөнөөх алдартай мөрдөгч маань хилс хэрэгт унасан Жорж Эдалжигийн өдүүлсэн гэх хэргийг үнэнийг тогтоох шаардлагатай болно. Уг роман зохиолчид уран бүтээлийг нь таашаах цоо шинэ, бүхэл бүтэн үеийг бэлдэж өгчээ.
Онцлох эшлэл: “Зохиолчийн үүрэг бол: нэгдүгээрт ойлгомжтой байх, хоёрдугаарт сонирхолтой байх, гуравдугаарт ухаалаг байх”.
THE NOISE OF TIME (2016)
Судлаачид уг романыг Барсныг хамгийн шилдэг бүтээл гэж тодорхойлдог. Үйл явдлын хувьд 1930-аад оны ЗХУ-д өрнөх агаад хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичийн бүтээлийг эрх баригчид таашаахаа больжээ болжээ. Гэхдээ түүний хувьд урлаг бол “цаг үеийн дуу чимээнээс давж сонстох түүхийн шивнээ” хэвээрээ байлаа. Эрх мэдэлд хэрхэн бууж өгөх хийгээд дараа нь өөрийгөө ямархан өнцгөөс тольддог тухай сэтгэлзүйн этгээд аясыг тус романд дэлгэн харуулна.
Онцлох эшлэл: “Баатар болохын тулд ганцхан хоромд зоригтой байхад хангалттай. Харин аймхай зан чанар бол насан туршийн карьер”.
FLAUBERT’S PARROT (1984)
Барнс эл бүтээлээрээ уран зохиол хэчнээн амттай, ухаж гүнд нь хүрэх сонирхол ямар нэгэн судлаач, уншигчдад хэрхэн төрдөг болох тухай тун гаргуун үзүүлжээ. Флоберын амьдрал, утга зохиол судлаачдын хоорондын уран мэтгэлцээн, бэлэвсэн эрийн уй гашуу, цаг хугацааны олон хувилбар зэрэг романд дэвшүүлсэн асуудал бүр эрс өөр, тэмдэглэлийн дэвтрийн салангид хуудас шиг өгүүлэмжтэй. Харин тэдгээрийг зохиолч рубикийн шоо адил эвлүүлнэ.
Онцлох эшлэл:
“Юу ч болсон бай, бид тэнэг хэвээр үлдэнэ. (Гюстав Флобер)”