Өдгөөгөөс 35 жилийн өмнө Томас Пинчоны “Vineland” романы тухай Нобелийн шагналт зохиолч Салман Рушди “Энэ бол Америк өөрөө өөртөө юу хийж ирснийг харуулсан улс төрийн чухал роман” хэмээн тодорхойлж байв.

Тэгвэл энэ сарын 29-нд нээлтээ хийх “One Battle After Another” кино нь тус романы үйл явдлыг сэдвийн хувьд дахин шинэчилж, өнөөгийн цаг үе рүү хувиргасан бүтээл юм. Хамгийн гол нь зохиолчийн улс төрийн нөхцөл байдал, далд бүтэцтэй байгууллагуудыг егөөдсөн уур амьсгал, элэглэл, дүрүүдийн хошин нэрсийг ч мөн тэр хэвээр нь үлдээжээ.

Тус киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо тоглосон бөгөөд киног урьдчилан үзсэн шүүмж, судлаачид түүнийг киноны гол зүрх сэтгэл, тэр бол энэ бүтээлийн баатар нь хэмээн тодорхойлсон байна.

Найруулагч Пол Томас Андерсоныг мөн оюун санааны удирдагч хэмээн дүгнэжээ. Кино хэдийгээ улс төрийн өнгө аястай боловч нэгэн зэрэг жихүүцэм хийгээд хөгжилтэй мэдрэмжийг үзэгчдэд өгнө гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Өндөр зорилгод тэмүүлсэн бүтээлүүд найруулагч, жүжигчин, зураглаачдын ур чадварыг нэгтгэсэн, ерөнхийдөө өөлөх зүйл тун ховор, жигд сайн болдог нь ховор тохиолдол гэдгийг ч мөн шүүмжлэгчид онцлон тэмдэглэжээ.

Гол дүрийн хоёр зүрх

Леонардо Ди Каприогийн бүтээсэн Бобын дүр бол хуучин радикал үзэлтэн байсан хэдий ч кино эхлэх цаг үед өдөржин архи ууж, тамхи татах бөгөөд банзан халаад, ноосон малгай өмсөн ажилгүй суудаг нэгэн болжээ. Түүний сууц болох жижигхэн байшин руу сцена шилжихэд кино эхлэл цэг дээрх бодит хэмнэлээ олно. Бобын эл амьдралын хэмнэл, хошин яриа, элэглэх чадварыг үзсэн хэн бүхэн Ди Каприог “Catch Me If You Can” киноны дүр шигээ хошин авьяастай жүжигчин гэдгээ дахин баталлаа гэцгээж байв.

Гэвч түүний зүрх сэтгэл зөвхөн залхуу, инээд хүргэсэн нэгний уйтгартай хэмнэлээр цохилж байсангүй. Өсвөр насны охин нь хулгайлагдсаны хойно Боб охиноо аврахаар замд гарна. Эндээс үзэгчид эмнэлэг, Бобын охиноо гэх хайр, мөн айдсыг ч нэгэн зэрэг харах болно.

Сайн бүтээлийн цар хүрээ хоёр л зүйлээр хэмжигддэг гэж үзэх нь бий. Энэ нь уй гашуугаас, үгүй аваас уйдаж зүрхлэмгүй уран хошигнолоос бүтдэг. Яг түүн шиг тус киноны нэгэн дүр болох Локжо цагаан арьстан дээдсүүдийн нууц клубт элсэх гэж зүтгэх нь тун аймшигтай агаад хоржоонтой байдлыг хослуулсан үйл явдал юм. Тэр бол увайгүй, бусдыг арьс өнгөөр доромжилдог нэгэн.

Улс төрийн хурц зураглал

Кинонд цагаачдын эсрэг явуулсан дайралт нь өнөөгийн нийгмийн асуудлуудыг хөнддөг бөгөөд кинонд хачин түргэн өрнөлтэйгөөр бодит асуултыг ургуулдаг.

Энэ бол бүхэлдээ автомашины хөөцөлдөөн, цэргийн бүлэглэл хийгээд улс төрийн нууц байгууллага, хувь хүний үнэнч зан, урвалт зэрэг асар өргөн хүрээтэй бүтээл. Хамгийн гол нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг бүрэн тусгасан, урвуу хэлбэртэй толь гэж болно.

Киноны эхний хэсэг нь дүрвэгсдийн төв дээр өрнөх бөгөөд эргүүл хийж буй цэргүүд болоод торон хашааны цаана өрнөх бүхий л дүр зураг нь шууд утгаараа өнөөгийн нийгэм, мэдээ мэдээлэлд гардаг бараан үзэгдлийг сануулна.

Тэр мөчид “Френч 75” нэртэй хувьсгалчид тус төв нэвтэрч, улс төрийн эсрэг хийх хувьсгал эхэлснийг зарлах агаад гишүүдийн нэг нь Перфидиа Беверли Хиллз нэртэй хатуу чанд нэгэн юм. Харин түүний хамтрагч, дэлбэрэх төхөөрөмжийн мэргэжилтэн нь манай гол дүрийн баатар Боб билээ.

Тэд хамтран Бобын хулгайлагдсан охины аврахаар зүтгэх боловч замд нь мөнөөх Локжо гарч ирснээр Перфидиад хүчирхийлэл үзүүлж, айлган сүрдүүлэхийн зэрэгцээ, арьс өнгөөр доромжилдог. Эцэст нь Перфидиа газар доогуур орж, Боб болон түүний хүүхдийг зөнд нь орхичихно.

Бүтэн хоёр цаг 41 минут үргэлжлэх уг бүтээлийг “Vista Vision” буюу өргөн форматаар бүтээжээ. Тиймээс элсэн цөлд болох автомашины тулаантай хэсгүүд нь үзэгчдийг галзуу хулганад суусан мэт нөхцөлд аваачна гэдгийг кино бүтээгчид онцоллоо.