Хонконгт Халлоуины баярын арга хэмжээ гурван долоо хоногийн амралтын өдрүүдийг дамнан үргэлжлэхээр болжээ.
Аравдугаар сарын 31-нд тохиодог Халлоуины баярыг угтан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор ийнхүү бүтэн сарын турш зохион байгуулж буй аж.
Хятадын эх газарт 2023 оноос хойш Халлоуины баярыг тэмдэглэхэд тавих хязгаарлалт улам нэмэгдсэн. Тухайн үед Шанхай хотын эрх баригчид нийгэм, эдийн засгийн асуудлыг ёгтлон шүүмжилсэн хувцас, баг өмссөн зарим оролцогчийг саатуулж байв. Харин Хонконгийн эрх баригчид болон бизнес эрхлэгчид Халлоуины баярыг илүү урт хугацаанд тэмдэглэснээр аялал жуулчлал, шөнийн амьдрал, хэрэглээний зардлыг нэмэгдүүлж, эх газрын Хятадаас илүү олон жуулчин татна гэж найдаж байна.
Энэхүү санаачилгын гол зорилго нь хотын баар, ресторан, жижиглэн худалдааны газруудад үйлчлүүлэгчдийн урсгалыг нэмэгдүүлэх явдал гэж Лан Квай Фонг группийн ТУЗ-ийн дарга Аллан Земан мэдэгджээ. Тэрбээр 40 гаруй жилийн өмнө тус дүүрэгт Халлоуины баярыг тэмдэглэх уламжлалыг нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Түүний тооцоолсноор Халлоуины баярын арга хэмжээний үр дүнд жил бүр хоол, ундааны борлуулалт 20–25 хувиар нэмэгддэг аж. “Энэ бол Хонконгийн онцлог, өөрөөр хэлбэл “Нэг улс, хоёр систем” зарчмын бодит илэрхийлэл юм. Бид бүгдээрээ хамтдаа баяр тэмдэглэж чадна” гэж тэрбээр онцолжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр 2025 оны аравдугаар сарын 31-нд Лан Квай Фонг дүүрэгт 80 мянга орчим хүн Халлоуины баяр тэмдэглэсэн байна. Харин энэ жил Хонконгийг бүс нутгийн хэмжээнд Халлоуины баяр тэмдэглэх гол чиглэлүүдийн нэг болгох зорилгын хүрээнд арга хэмжээг гурван долоо хоног дараалан амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. “Жил ирэх тусам энэ баяр улам өргөжиж, хүмүүсийн зарцуулдаг мөнгө нэмэгдэж байна. Мөн жил бүр оролцогчдын хувцас, дүр хувиргалт улам этгээд, өвөрмөц болж байна” гэж Земан ярьжээ.
Тэрбээр “Энэ бүхэн энд их хэмжээний орлого авчирч, тухайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд бодитой хувь нэмэр оруулдаг” хэмээн нэмж хэлсэн байна.