
Олон улсын шатрын холбооноос Узбекистаны Самарканд хотод хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын гуравдугаар олимпиадыг зохион байгууллаа. 7-р өрөгт Монгол Улсын пара шатрын баг Энэтхэгийн багийг 2,5:1,5 оноогоор хожиж, дөрөв дэх хожлоо авч тэмцээнийг ялалтаар дуусгалаа. Ингэснээр манай шатарчид дөрвөн хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор 41 орноос зургаадугаар байрт шалгарлаа. III олимпиадыг Польшийн шатарчид зургаан хожил, нэг тэнцээ авснаар түрүүлсэн бол Куба, зохион байгуулагч Узбекистаны багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Монгол Улсын пара шатрын баг дэлхийн олимпиадад анх удаа оролцохдоо шатрын эх орон Энэтхэгийг хожиж, чансааны 1-р эрэмбэлэгдэж энэ тэмцээнд түрүүлсэн Польшийн багаас тэнцээний оноо авсан цорын ганц баг боллоо.
Мөн манай шатарчид АНУ, ОХУ-ын багуудтай адил 10 оноо авч шилдэг зургаан багийн нэгээр шалгарлаа.
Монголын пара шатарчдын багийг их мастер Г.Мөнхгал дасгалжуулж энэ тэмцээнд бэлтгэн оролцуулсан юм. Багийн бүрэлдэхүүнд дэд мастер Б.Болд-Эрдэнэ, Ц.Түмэнбаяр, С.Сундуй, М.Хишигбаяр, нөөц тоглогчоор Б.Хашцэцэг нар багтаж, дэлхийн шилдэг багуудтай онцлох тоглолтуудыг хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын гуравдугаар олимпиадын зохион байгуулах бүрэлдэхүүнд Монголын шатрын холбооны шүүгч, төлөөлөл багтан ажилласан байна.
