
Америкийн нэрт зохиолч, сэтгүүлч Трүмэн Капоти энэ өдөр Нью-Орлеан хотод төржээ. Тэрээр богино өгүүллэг, роман, тууж, сурвалжилга зэрэг олон төрлөөр бүтээл туурвисан юм. Ийнхүү вөрмөц хэл найруулга, дүр бүтээх чадвараараа XX зууны Америкийн утга зохиолд тодорхой байр суурь эзэлдэг.
OTHER VOICES, OTHER ROOMS
Капотигийн анхны роман болох “Other Voices, Other Rooms” 1948 онд хэвлэгдэж, залуу зохиолчийг богино хугацаанд уран зохиолын хүрээнийхэнд танилцуулжээ. Романы гол дүр Жоэл Нокс хэмээх өсвөр насны хүү эцгээ эрэн өмнөд нутгийн алслагдсан харшид очсоноор түүний амьдрал, хайр, өөрийн мөн чанарыг эрэлхийлсэн аялал эхэлдэг.
Жоэлын түүхээр дамжуулан Капоти хүүхэд нас, ганцаардал, өсөж том болох үйл явц болон өөрийгөө танин мэдэхүйн асуудлыг хөндсөн байна. Зохиолын орчин, дүрүүд нь Капотигийн Алабама муж дахь хүүхэд насны дурсамж, өмнөд нутгийн амьдралын талаарх ажиглалтаас ихээхэн улбаатай. Роман хэвлэгдсэн үедээ хэл найруулгын өвөрмөц байдал, сэдвийн зоримог эрэлхийллээрээ олны анхаарлыг татсан юм.
THE GRASS HARP
1951 онд хэвлэгдсэн “The Grass Harp” роман нь Капотигийн хүүхэд насны дурсамж, өмнөд нутгийн жижиг хотын хүмүүсийн харилцаа, эрх чөлөөг хүсэх хүслийг уянгын өнгө аястайгаар дүрсэлсэн бүтээл. Гол дүр Коллин Фенвик аав, ээжийгээ өнгөрсний хойно өмнөд нутгийн жижиг хотод амьдардаг үеэлүүд болох Верена, Долли Талбо нарынд очиж амьдарна. Коллин илүү мэдрэмтгий, зөөлөн зан чанартай Доллитой дотносож, хотын захад орших модон дээрх жижигхэн байранд бусад гадуурхагдсан хүмүүстэй хамт хоргодох болно. Энэ модон байшин нь тэдний хувьд нийгмийн хатуу дүрэм, насанд хүрэгчдийн эрх мэдлээс түр холдох бэлгэдэл болж хувирдаг.
Капоти уг зохиолоор өөрийнхөөрөө амьдрах, бусдын тогтоосон хэм хэмжээнээс ангид байх хүсэл болон нөхөрлөлийн үнэ цэнийг хөнджээ. Зохиолч хүүхэд насны дурсамжаа шууд хуулбарлахаас илүүтэйгээр тэдгээрийг уран зохиолын дүр, нөхцөл байдал болгон хувиргаж чадсан байна.
BREAKFAST AT TIFFANY’S
“Breakfast at Tiffany’s” 1958 онд хэвлэгдсэн бөгөөд Капотигийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Зохиолын гол дүр Холли Голайтли Нью-Йоркийн нийгмийн хүрээний захад амьдардаг, эрх чөлөөг эрхэмлэдэг, ер бусын зан араншинтай залуу эмэгтэйгээр дүрслэгдэнэ. Тэрээр баян, нэр хүндтэй хүмүүсийн хүрээлэлд орж, гардаг ч өөрийнхөө жинхэнэ амьдрал, өнгөрсөн үе, сэтгэл хөдлөлөө бусдаас нуухыг хичээнэ.
Зохиолыг Холлитой нэг байранд амьдардаг залуу зохиолчийн өнцгөөс өгүүлдэг бөгөөд энэ нь дүрийнхээ дотоод ертөнцийг уншигчдад аажмаар нээх боломжийг бий болгодог. Капоти Нью-Йоркийн дайны үеийн нийгмийн амьдрал, ганцаардал, хайр дурлал болон эд хөрөнгөөр аз жаргалыг орлуулах гэсэн хүмүүсийн оролдлогыг энэ бүтээлдээ нарийн дүрсэлжээ.
“Breakfast at Tiffany’s” нь хэвлэгдсэнээсээ хойш удалгүй кино урлагийн бүтээл болж, 1961 онд Одри Хеберн, Жорж Пеппард нарын тоглосон алдарт киноны үндэс болсон билээ. Гэхдээ кино хувилбар нь номын зарим өнгө аясыг өөрчилсөн ч Капотигийн бүтээсэн Холли Голайтлигийн дүр дэлхийн соёлын нэгэн танил дүр болж үлдсэн юм.
IN COLD BLOOD
1966 онд хэвлэгдсэн “In Cold Blood” бол Трүмэн Капотигийн хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг. 1959 онд Канзас мужийн жижиг хотод Клаттерын гэр бүлийн дөрвөн гишүүн алагдсан хэргийн тухай сонины богино мэдээг олж харснаар Капоти уг үйл явдлыг олон жилийн турш судалж эхэлсэн байдаг. Тэрээр Канзаст очиж, хэргийн газарт ажиллаж, нутгийн оршин суугчид, мөрдөн байцаагчид, хохирогчдын танилууд болон хэрэгт буруутгагдсан Ричард Хикок, Перри Смит нартай уулзсан байна. Ийнхүү бодит гэмт хэргийн мөрөөр явсан сурвалжилгаа уран зохиолын хэлбэрээр боловсруулж, үйл явдал, дүрүүдийн сэтгэл зүй, орчныг нарийн дүрслэн бичжээ.
Капоти уг бүтээлээрээ сэтгүүл зүйн баримт, уран зохиолын өгүүлэмжийг нэгтгэсэн шинэ хэлбэр бий болгохыг зорьсон юм. Зохиолч зөвхөн гэмт хэргийн явдлыг өгүүлэх бус, хохирогчид болон хэрэгтнүүдийн амьдрал, сэтгэл зүй, нийгмийн орчныг зэрэгцүүлэн харуулахыг хичээсэн байна. Ингэснээр нэгэн аймшигт гэмт хэргийн тухай өгүүлэмжээс илүү өргөн хүрээнд хүний зан чанар, хүчирхийлэл, хувь тавилан, нийгмийн хариуцлагын тухай асуулт дэвшүүлсэн уг бүтээл асар их уншигчидтай болсон аж.
ANSWERED PRAYERS
Капотигийн хамгийн их хүлээлт дагуулсан боловч дуусгаж чадаагүй бүтээл бол “Answered Prayers”. Тэрээр 1950-иад оны сүүлчээс эхлэн эл романаа бичиж эхэлсэн бөгөөд Нью-Йоркийн баян, нэр нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэл, тэдний далд харилцаа, эрх мэдэл, мөнгө, нэр хүндийн цаадах амьдралыг өгүүлэхээр зорьжээ.
Зохиолч өөрөө уг номыг амьдралынхаа гол бүтээл болно хэмээн олон жилийн турш ярьж байсан бөгөөд хэсгүүдээс нь 1970-аад онд “Esquire” сэтгүүлд нийтлүүлсэн аж. Харин эдгээр хэсэг хэвлэгдсэний дараа зохиолчийн ойр дотнын олон хүн өөрсдийн амьдралын нууц, зан чанарыг танин мэдэх боломжтой хэмжээнд дүрсэлсэнд дургүйцэж, Капотитой харилцаагаа тасалсан байдаг.
Тэрээр 1984 онд нас барах үед романаа бүрэн дуусгаж амжаагүй байсан бөгөөд хэвлэгдсэн хэсгүүд нь хожим нэгтгэгдэн “Answered Prayers: The Unfinished Novel” нэрээр ном болон гарсан юм.