
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Урт шанд" гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 12-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан байна. Тус сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн нийт 36 хүн, 12 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Улмаар 12:20 цагт цурамд оруулж, 12:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатжээ.
Мөн Сүхбаатар аймаг, Мөнххаан сумын “Модот" гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 12-ны өдрийн 12:20 цагт хүлээн авчээ. Тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 40 хүн, 11 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:35 цагт цурамд оруулан, 16:00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 54 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ.