
Гурван монгол хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Гуч гаруй жил бид энэ тоог бууруулах гэж зориод, зүтгээд барсангүй. Жил бүр л ядуурлыг бууруулна, ядарсныг тэтгэнэ гэдэг лоозон дэвшүүлдэг боловч өөдөлсөнгүй. Харин эсрэгээрээ дундаж давхрага нь жил тутам хумигдаж, ажилтай ядуусын арми үүстлээ эдийн засаг хүндэрч эхэллээ. “Ажилтай тулдаа л ядуу амьдарч байна” гэх ядруухан үг иргэдийн амнаас сонсогдох нь ихэсэв. Энэ бол улстөрчдийн яриад байдаг өнөөх эдийн засгийн өсөлтийн тухай том том тоо өрхийн амьдралд үүдээр нь орох нь байтугай шагайдаг ч үгүй гэдгийн баталгаа.
Уг нь бодоход Монгол шиг 3.5 сая хүн амтай, байгалийн асар их баялагтай, өргөн уудам газар нутагтай улсыг хөгжүүлэхэд амархан л баймаар юм. Хүн амын тоо цөөн нь бидний сул тал боловч, бас давуу тал болгон ашиглах бүрэн боломжтой. Ердөө гуравхан сая буюу манайхаас ч цөөхөн хүн амтай Катар улсын ДНБ нь өдгөө 220 тэрбум ам.доллороор хэмжигдэж байна. Тогтворгүй бүс нутагт орших жижиг улс атлаа өнөөдөр бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн геополитикийн гол тоглогчдын нэг болж чадлаа. Хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж, дэлхийн сөргөлдөгч гүрнүүдийг эвлэрүүлэх зуучийн ажлыг тэд хийж байна. Катар ийнхүү томорч, тодорч чадсан нь байгалийн баялгаа зохистой ашиглаж буйтай нь л холбоотой. Тэгтэл Монгол ямар байна вэ. Яаж байгаа билээ?
Аль олигтой, өөдтэй, улс эх орноо урагш чирч байгаа салбараа бид адалсаар л ирлээ. Үндэстний хөрөнгөтнүүдээ үзэж ядаж, байгалийн баялгаа үнэгүйдүүлсээр байна. Монгол Улсын ДНБ-ий 26 хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар энэ дайралтыг хамгийн их амсч байна. Өнөөдөр Монгол Улс зөвхөн уул уурхайг жадлан эсэргүүцдэг улстөрчдийн бүхэл бүтэн армитай, уул уурхайн салбарыг тойрон хэмлэдэг “тэмцэгчдийн сүрэг”-тэй болсон байна. Гэтэл энэ хүмүүс юугаар амьдарч, юугаар хөгжиж байгаагаа ойлгохгүй байна гэж үү? Ойлгохын дээдээр ойлгож байгаа ч олон нийтээс л тэрийгээ тас нууж явна. Тиймээс хэдхэн тоог танилцуулъя. Нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг дээ.
Өнөөдрийн бидний эсэргүүцээд байгаа уул уурхайн салбарын нуруун дээр Монгол Улсын эдийн засаг оршин тогтнож байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 76 хувийг уул уурхай бүтээж, экспортын нийт орлогын 95 хувь нь энэ салбараас бүрдэж байна. Манайд орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож буй гэхээр үнэндээ Монгол Улс нүүрс, зэс, алт гээд эрдэс баялгаараа л амьдарч ирлээ. Цаашдаа ч энэ байдал тийм амар өөрчлөгдөхгүй байх. Уг нь төр нь зөв бодлого гаргаж, хувийн хэвшил нь оновчтой менежмент хийж чадвал бидэнд Катараас ч дутахгүй амьдарч, эдийн засгийн асар өндөр өсөлттэй, бүс нутагтаа төдийгүй дэлхийд гол тоглогч болох бололцоо бүрэн бий.
Төрийнх нь бодлого тогтвортой, хөрөнгө оруулагчдыг хөөдөг биш, урьдаг болчихвол өнөөдөр 80 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ДНБ Катарыг гүйцэхгүй юм гэхэд иргэдийнх нь амьжиргаа илт сайжрах боломжтой. Яагаад гэвэл бид газар зүйн байрлалын хувьд ч, газар доорх баялгийн хувьд ч Катараас хавь илүү бэлэг бурхнаас заяагдсан ард түмэн.
Мексик болох уу, Канад болох уу гэсэн сонголтын өмнө Монгол Улс ирээд байна. Хойд болон Өмнөд Америкийн энэ хоёр улс эдийн засгийн хувьд дэлхийд эхний 15 байр дотор бичигддэг. Энд тааруугийн жишээгээр сонгож буй Мексик л гэхэд Латин Америктаа тэргүүлэгч экспортлогч орон. ДНБ нь 1177.00 тэрбум ам.доллар гэхээр ямар хэмжээний аварга эдийн засаг гэдэг нь харагдана. Гэхдээ энэ бол хөрш зэргэлдээ дэлхийн №1 эдийн засгийн хажууд “жижигхэн” тоо. 113 сая орчим хүн амьтай Мексикт гэмт бүлэглэлүүд нь хүчирхэг, авлига хээл хахууль цэцэглэсэн, хууль бус наймаа газар авсан гээд хүн амьдрах орчинд халтай байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Хөгжлийн хувьд Хойд Америкийн улсуудаас хол хоцорсон.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж, улс төр, геополитикийн чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын хажуу бөөрөнд байгаа нөгөө улс нь Канад. Авлигын төсөөллийн индексээр дэлхийн хамгийн бага авлигатай орны тоонд ордог. Уул уурхай голлосон эдийн засагтай энэ улсын худалдааны гол түнш нь хөрш АНУ нь. Амьдрах орчны хувьд асуудалгүй Мексикийг хол хаяна. Тиймдээ ч энэ хоёр улсын аль нэгэнд очиж амьдрах талаар санал асуувал дийлэнх олонх нь ямар ч эргэлзэх зүйлгүйгээр Канадыг сонгох буй за. Эдийн засаг, амьдрах орчны аль алинаар нь Канад илүү болохоор тэр биз ээ.
Тэгвэл Монгол өнөөдөр мексикчүүдтэй адилхан амьдарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ хөрш БНХАУ-даа худалдаж, хил нээгдэж, хаагдах тоолонд Монголын эдийн засаг донсолж ирлээ. Хэдхэн жилийн дараа эдийн засгийн өсөлтөөрөө АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн таамаглалтай байгаа аварга том эдийн засгийн бас л хажуу бөөрөнд амьдарч буйгаараа бид Канад, Мексиктэй адилхан. Газар зүйн энэ байрлалаа ашиглаад Канад шиг хөгжиж чадах уу, Мексик шиг хоцорч үлдэх үү гэдэг сонголтын өмнө л зогсч байна. Угтаа бол бидэнд Канад шиг хөгжих уул уухайн салбарын өгөгдөл нь, газар зүйн байрлал нь бэлэн байгаа юм.
Юм үргэлж нэг хэвэндээ байдаггүйг зах зээл бидэнд харуулдаг. Эрэлтээ дагаж үнэ өсөж, бас унаж байдаг нь зах зээлийн зарчим. Өнгөрсөн жилийн өдийд 2000 ам.долларын ханштай байсан алт өдгөө 4000 ам.доллар давж үнэ нь өсөж байна. Эсрэгээрээ Монгол Улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний ханш төсөөлж байснаас даруй 40 гаруй ам.доллароор тонн тутамдаа үнэ нь хямдарчээ. Энэ бол олдож байгаа боломжийг алдалгүй ашиглах ёстойг сануулсан үнийн савалгаа. Уг нь ийм савалгааг дагаж намирахгүй болтол эдийн засгаа солонгоруулах учиртай юм. Ингэхийн тулд өнөөдөр уул уурхайн салбараас олж байгаа орлогоороо нийгмийн дэд бүтцээ хөгжүүлж, бусад салбараа өөд татах учиртай. Гэтэл бид ганц гол зогоож байгаа уул уурхайн салбар руугаа уралдан дайрч, уралцан зодолдож байна. Хамгийн гачлантай нь, энэ их дайралтын эцэст эргээд гарах үр дагавар нь хөрөнгө оруулагчдыг Монголоос үргээж, үлдсэн ганц өсөлттэй салбар маань хүртэл уруудахад хүрч байна.
Өнөөгийн эдийн засгийн хүндрэл, төсвийн орлогын дутагдал, валютын ханшийн өсөлт бүгдээрээ нүүрсний үнийг хэт өөдрөгөөр төсөөлж, зардлаа ч тэгж тэлсэнтэй холбоотой. Гэтэл бодлогын алдаагаа уул уурхайн түүхий эдийн үнийн өөрчлөлт рүү чихэж, өөрсдөө харин сул үлдэх гэсэн улстөрчид л олширч байна. Харамсалтай нь, ингээд зогсохгүй энэ бүхний буруу нь уул уурхайн салбар мэтээр уралдан муулцгааж байх юм. Гэтэл бидний нийтээрээ, нийгмээрээ шахуу жигшээд байгаа уул уурхайн салбарт өнөөдөр төр, хувийн хэвшил нийлсэн 1219 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 67 мянга гаруй хүн ажиллаж, хүнд ажил хийснийхээ хэрээр өндөр цалин авч амьдралаа авч явдаг. Гэвч жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэг шиг өнөө маргаашийн сандал суудлын хэрүүлдээ бүтэн салбараа, бүр ширхэгчлээд ярьвал 67 мянган хүний ажлын байрыг, цаашилбал 67 мянган өрхийн амьдрал ахуйг сүйрүүлж мэдэхээр байна. Хэрэв энэ хүмүүс ажилгүй болбол яах вэ? Дахиад 67 мянган хүн гадагш цагаачлах визэнд оочерлож, Солонгост харлах мөрөөдөл тээх үү? Ажилтай ядуусын арми бий болчихоод байгаа нийгэмд ажилгүй ядуусын арми нэмэгдвэл юу болох вэ? Бодох л асуудал. Уул уурхайн салбарыг өнөөдөр муулж, нутгаа, газраа ухуулахгүй гэдэг сум, аймаг хүртэл бий боллоо. Гэвч үнэндээ Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Дорноговь гээд уурхайтай аймгууд илүү хөгжиж, улсад татвар хураамж төлж байна. Бусад нь харин тэдний төлсөн татвараас татаас авч амьдарч байгаа нь нуух аргагүй үнэн шүү дээ. Бид ийм л “Чөтгөрийн тойрог” шиг тогтолцоог өнгөрсөн 35 жилд угсарчээ. Одоо уг нь өөрчлөх цаг болсон баймаар юмсан.