
Исланд улс Европын Холбоонд элсэх хэлэлцээг дахин эхлүүлэх тухай санал асуулга явуулж, олонхын саналаар татгалзсан шийдвэр гаргалаа. Олон нийтийн RUV телевизийн мэдээлснээр, санал асуулгад оролцсон 225 000 гаруй иргэний 52.8 хувь нь засгийн газрын саналыг эсэргүүцсэн бол 47.2 хувь нь дэмжсэн байна. Нийт 270 000 орчим сонгогчийн 82.5 хувь нь саналаа өгсөн нь 2009 оноос хойшхи хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон юм. Нийслэл Рейкьявик хотын оршин суугчид ЕХ-нд элсэх хэлэлцээг дэмжсэн ч хөдөө орон нутгийн иргэд дийлэнхдээ эсрэг санал өгчээ. Ерөнхий сайд Криструн Фростадоуттир түүний засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа энэ асуудлыг дахин сөхөхгүй гэдгийг мэдэгдлээ.
Олон улсын хурцадмал байдал хийгээд аюулгүй байдлын асуудал яригдаж байсан ч иргэдийн шийдвэрт загас агнуурын салбарын ашиг сонирхол голлон нөлөөлжээ. Исланд улс 1970-аад онд Их Британитай хийсэн "Сагамхай загасны дайн"-аар тэнгисийн зааглах бүсээ амжилттай хамгаалж үлдсэн юм.
Загас агнуур тус улсын экспортын 40 орчим хувийг бүрдүүлдэг. ЕХ-ны гишүүн болсноор тус холбооны нэгдсэн квотоор загасчлах журамд шилжиж, үндэсний хяналтаа алдахаас иргэд болгоомжилжээ. Бифрёст их сургуулийн улс төрийн судлаач Эйрикур Бергманны хэлснээр, эсрэг санал өгөгчид Исландын үндэсний бие даасан байдал болон тусгаар тогтнолын үнэт зүйл дээр оновчтой тоглолт хийж чадсан байна.
Исланд улс одоогоор ЕХ-ны нэгдсэн зах зээл болон Шенгений бүсэд багтдаг ч бүрэн эрхэт гишүүн болсноор Нэгдсэн гаалийн холбоо болон Евро бүсэд орох боломжтой байв. Энэхүү санал асуулгын дүнгээр ЕХ-нд элсэх яриа хэлэлцээ бүрэн зогсож байгаа ч ирээдүйд дахин сэргээх боломжийг бүрэн хаагаагүй аж.