Татвар, нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт засгийн газар мэдэгдсэн.

УИХ-д өргөн барих гэж байгаа эдгээр төслөөс Сангийн яам Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслөө одоог хүртэл олон нийтэд ил тавиагүй бол Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өөрийн цахим хуудсандаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлжээ.

Засгийн газрын 14 мега төсөл, 14 бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Бодлогын шинэчлэлийн нэг Нийгмийн даатгалын багц хууль ч 14 шинэчлэлтэй аж.

Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо

2023 онд баталсан Нийгмийн даатгалын багц хуульд нэрийн дансны орлогыг үе шаттай мөнгөжүүлж, хагас хуримтлалд шилжүүлэх, тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцтай уялдуулж нэмэх, тэтгэвэр өвлүүлэх зэрэг өөрчлөлтийг хийсэн. Харин энэ удаад тэтгэврийн сангийн алдагдал, ачааллыг бууруулах “тогтолцооны шинэчлэл” хуулийн гол өөрчлөлт.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан

“Бид ганц эх үүсвэрээр тэтгэвэр авч байгаа. УИХ-д өргөн барих гэж байгаа хууль батлагдвал тэтгэвэрт гараад нэг биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Нэгдүгээрт, суурь тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна. Нийт тэтгэвэр авагчдын 54 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Суурь тэтгэвэр гэдэг ойлголт орж ирснээр Монгол Улсад тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт цаашид байхгүй болно. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар 20-иос дээш жил ажилласан бүх даатгуулагч, ажилласан хугацаанаасаа үл хамаарч доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Энийг өөрчилж, 10 аас дээш жил Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан өндөр насны суурь тэтгэвэртэй болно гэсэн үг. Одоогийн тогтолцоо бол хоёр дахь тогтолцоо. Төлсөн шимтгэл, ажилласан жилээс хамаарсан тэтгэвэр. Гуравт, Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг давхар өргөн барьж байна. Ингэснээр гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж нээгдэнэ.”

Хүн амын дундах насжилт нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр авагчдын тоо ч өснө. Хүн амын дундах насжилт нэмэгдэх энэ үзэгдлийг дэлхийн улс орнууд тогтолцоогоо шинэчлэх замаар шийдвэрлэж буй.

Хагас хуримтлалын тогтолцоо

Өнөөдөр төлөх шимтгэлийг бууруулах нь ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд нөлөөлөх учир хувь хэмжээг хасахаас илүү хуримтлалын хэмжээг нэмэгдүүлэх нь оновчтой гэж хууль санаачлагчид үзжээ. Манай улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 1.2 сая иргэн бий. 2023 онд батлагдаж, 2024 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн багц хуулийн даатгалын хүрээнд эдгээр даатгуулагчийн нэрийн дансанд 214.8 тэрбум төгрөгийн бодит хуримтлалыг үүсгэжээ. 1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2026 оноос 1 хувиар гэх мэтчилэн үе шаттай нэмэгдүүлж 2029 онд 4 хувьд хуримтлалын хэмжээг хүргэнэ.

Тэтгэврийн нөөц санд бүрдүүлэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ
(албан журмын даатгуулагчийн хувьд)

Эдийн засагч Г.Батзориг

“Хагас хуримтлал руу шилжих хуулийн шинэчлэл нь оновчтой ч төсөвт багагүй дарамт ирнэ. Одоогийн байдлаар НДС-гийн орлого 5.6 их наяд төгрөг. Үүний 4 хувийг даатгуулагчийн нэрийн дансанд хуримтлуулна гээд тооцвол жил бүр их наядаар хэмжигдэх дүн гарна. Үүгээр хөрөнгө оруулалт хийж, өгөөж нэмэгдэх ч төсөв үүнийг даах уу гэдэг эргэлзээ байна. Одоо Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байгаа. Одоогийн шимтгэлийн орлогоор ахмадуудын тэтгэвэр олгохдоо төрөөс хагас их наядын татаас авч байгаа. Тэгэхээр хуримтлалд шилжүүлэх дүнгээр Сангийн яам нэмж алдагдлыг үүрэх шаардлага үүснэ. Иймээс ч дараагийн Засгийн газар үүнийг даах уу гэдэг асуулт гарч ирж байна. Нэг талаас даатгуулагчийн бодит хуримтлал үүсэх ч нөгөө талд төсөвт ирэх ачаалал энэ хэрээр нэмэгдэнэ гэсэн үг.”

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

“Хагас хуримтлал нь ирээдүйд тэтгэвэр авах иргэдийг орлогын дутагдалд орохгүй, ядуурал руу шилжихгүй, бодит орлого, хуримтлалтай байх тэр нөхцөлийг хангах гэж байгаа хэрэг. Өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал нь даатгуулагч тэтгэвэрт гарангуутаа орлого буурч, амьдралын чанар доройтдогт бий. Энэ нь тэтгэврийн даатгал нь үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, зөвхөн амиа аргацааж байгаа нөхцөл байдлыг харуулж байна. Тэгэхээр бидний үндсэн сонголт нь бодлогын хувьд хагас хуримтлалын тогтолцоог нэн даруй нэвтрүүлж, хувийн тэтгэврийн даатгалыг оруулах ёстой. Харин урт хугацаандаа бүрэн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавьж ажиллах учиртай. Төсөвт ирэх дарамтыг бага байлгах үүднээс энэ шилжилтийг аажмаар хийх, мөнгөний удирдлагыг хэрэгжүүлэх механизмаа илүү тодорхой болгох хэрэгтэй.”

Ажил олгогчийг дэмжих хөнгөлөлт

Засгийн газраас өргөн барихаар боловсруулсан хуулийн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу төсөлд нарын УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан зарим асуудлыг мөн тусгажээ. Одоогийн хуульд даатгуулагчийн НДШ төлөх орлогын дээд хэмжээг сайн дурын даатгуулагч бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин, албан журмын даатгуулагч бол 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосон. Харин ажил олгогч үүнтэй адил шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ, таазгүй. Тэгвэл хуулийн төсөлд Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх тааз тогтооно.

Мөн Үндсэн хуулийн Цэц хүртэл явж асуудал нь ажил олгогчдоор тогтохгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн толгойны өвчин болсон Хөлсөөр ажиллах гэрээний дүнгээс тооцох “НДШ”-ийн асуудлыг хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2/7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэг:

“7.11.Энэ хуулийн 7.4.10-т заасан ажилтан хэд хэдэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа бол зөвхөн эхний гэрээгээр тохирсон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”

3/7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэг:

“7.12.Энэ хуулийн 7.2, 7.3, 7.4-т заасны дагуу албан журмаар даатгуулагч өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.”

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Ажил олгогч ахмад настныг ажиллуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөхөөс гадна 15-24 насны оюутан, суралцагч өөрөө хүсвэл НДШ төлөхгүй байх, 27 нас хүрэхээсээ өмнө хүсвэл нөхөн төлөх заалтыг хуулийн төсөлд оруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн заалтыг ч хуулийн төсөлд тусгажээ.

Тэтгэвэр тооцох хугацаа уртасна

Ажил олгогчдын төлж байгаа шимтгэлийн хувь хэмжээг бууруулаагүй ч тэдэнд хүндрэл, дарамт үүсгэж байгаа асуудалд тодорхой шийдэл болох заалтууд төсөлд тусжээ. Харин даатгуулагчийн хувьд хуримтлалын хувь хэмжээ нэмэгдэх, ирээдүйд олон эх үүсвэрээр тэтгэвэр авах тогтолцооны шинэчлэлийг ч эхлүүлэхээр болж байгаа нь сайшаалтай. Ингэхгүй бол өнөөдөр тэтгэвэрт гараад 45 хувиар орлого буурч байгаа даатгуулагчийн авах тэтгэврийн хувь хэмжээ улам багасах заалтыг ч хуулийн төсөлд орхигдуулсангүй. Одоогийн хуулиар тэтгэврийн хэмжээг дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тогтоож байгаа бол цаашид үе шаттай нэмэгдүүлэн 2026 оноос 5 жилээс доош, 2027 онд 6 жилээс доош байх бөгөөд цаашид жил бүр нэг жилээр нэмэгдүүлж, 2031 оноос эхлэн 10 жилээс доош байхаар хуулийн төсөлд тусгажээ. Тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2018 оноос эхлэн тэтгэврийн насыг үе шаттай, жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 65 насанд хүргэх зохицуулалт хэрэгжүүлж буй. Тэгвэл та 2031 онд тэтгэвэрт гарах бол 65 настай, 10 жилийн дараалсан цалин, хөлснөөс тооцуулсан тэтгэвэр авах болж байна. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхдээ Хөдөлмөрийн хэвийн бус, хөнгөлөлттэй нөхцөлийн тэтгэврийн насыг нэмэгдүүлээгүй. Өнөөдрийн байдлаар нийт өндөр насны тэтгэвэр авагчдын 44.4 хувь нь буюу 184000 тэтгэвэр авагч нь хөнгөлөлттэй буюу эрт тэтгэвэр тогтоолгон авч байна. Цаашид хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгож байгаа тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Нийгмийн даатгалын багц хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй зэрэгцэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барина гэсэн ч одоогоор олон нийтэд нээлттэй биш байна. Одоо төлж байгаа шимтгэлээсээ даатгуулагч нэмэлтээр сайн дураар, төлж болох зохицуулалт бүхий өмнөх хуулийн төслөө зүтгүүлбэл энэ нь бодит шинэчлэл болохгүйг судлаачид сануулж байна.