
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар мэдээлэл хийлээ.
О.Саранчулуун: -Монгол Улсад 112 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагаас гурван хүн тутмын нэг нь буюу 35000 гаруй хүн нийслэлд амьдарч байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 35 хувь нь хөдөлгөөний бэрхшээлтэй буюу таяг, тэргэнцэр, хиймэл хөл хэрэглэдэг. 15 хувь нь харааны бэрхшээлтэй. 12 хувь нь сонсголын бэрхшээлтэй.
Монгол Улсад жилд дунджаар 170 мянга гаруй шинэ осол гэмтэл бүртгэгддэг. Жилд дунджаар 600 хүн шинээр гэмтэл бэртэлтэй болдог. Нийт осол гэмтлийн 90 хувь нь санамсаргүй байдлаас үүсдэг. ЕБС, цэцэрлэг, явган хүний зам стандартын шаардлага хангаагүй учраас хүүхдүүд гэмтдэг.
320 мянган ахмад настантай. Жилд ойролцоогоор 75000 орчим эмэгтэй жирэмсэлдэг. Хоёр нас хүртэлх насны хүүхдээ харж байгаа эмэгтэй 50-55 мянга. Хүүхдээ тэргэн дээр түрээд явж байгаа эцэг эх олон. Эндээс харахад саадгүй орчин, хүртээмж шаардлагатай хагас сая хүн Монголд байна. Монгол Улсад 6525 стандарт байдаг. Энэ асуудлыг бусад орон яаж шийддэг вэ гэхээр Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний хуулиар зохицуулдаг. Стандартыг бодоход хууль илүү урт настай, төсөвтэйгөө уялддаг. Би Саадгүй байдлын хүртээмжийн тухай хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүлээж авсан. Бид жил гаруй ажилласан. Яамнаас ирсэн агуулгыг өргөжүүлж зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэсэн хамрах хүрээг ахмад настан, хүүхдүүд, бага насны хүүхдүүд, түр хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүүхдүүд гээд нэлээд өргөжүүлж өгсөн. Энэ хуулийн төсөлд хамрах хүрээний дотор хуучин, шинэ барилга, авто зам, явган хүний зам ямар байх, нийгмийн үйлчилгээний хүртээмж ямар байхыг тусгасан.
Ж.Баясгалан: -Энэ анхдагч хууль учраас хүн бүрийн үзэл бодол ороосой гэж хүсэж байна. УИХ-д байгаа хоёр хөгжлийн бэрхшээлтэй гишүүн О.Саранчулуун бид хоёр энэ асуудлыг байнга ярьдаг.