
Инфляц огцом өссөнтэй холбоотойгоор Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, арга хэмжээний үеэр 16 хүн амь эрсэджээ.
Курдын хүний эрхийн “Хенгав” байгууллага жагсаал эхэлснээс хойш 17 хүн амиа алдсан гэж мэдээлсэн бол хүний эрхийн төлөөх HRANA сүлжээ 16 хүн амиа алдаж, 582 хүн баривчлагдсан гэж мэдэгдэж байна.
Харин Цагдаагийн байгууллагаас жагсаалыг зохион байгуулсан хэд хэдэн хүнийг баривчилсан бөгөөд жагсаалтай холбоотой худал мэдээлэл түгээсэн хэргээр 40 хүнийг саатуулсан гэв.
Эдийн засаг хүнд, олон улсын шахалт их байгаа энэ үед Иран улс дотоодын үймээнээс болгоомжлон харьцангуй зөөлөн байр суурь илэрхийлж, жагсагчидтай уулзах санал тавьж байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жагсагчид хүчирхийлэлд өртвөл тэднийг дэмжинэ хэмээн мэдэгдэж, арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.
Иранд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш инфляц 36 хувьд хүрч нэмэгдсэн бөгөөд риалын ханш бараг тал хувиар суларсан нь иргэдийн амьдралд ч, бизнес эрхлэгчдэд ч хүнд цохилт болж байгаа юм. Мөн ус, цахилгаан хангамж доголдсон хэвээр байгаа нь ч эсэргүүцлийн шалтгаан болж байгааг ажиглагчид онцолжээ.