
Францад боловсролын салбартай холбоотой гомдол, шаардлагаас үүдэн эхэлсэн сурагчдын эсэргүүцэл зарим газарт хүчирхийллийн шинжтэй болж даамжирчээ. Үүнтэй холбоотойгоор баасан гарагт 400 орчим сургуулийг хаахаар боллоо.
“Миний мэдэж байгаагаар 400 гаруй сургууль болон бусад боловсролын байгууллага хаалттай байна” гэж Францын Боловсролын сайд Эдуар Жеффрей пүрэв гарагийн орой "France 2" телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ерөнхий сайд Себастьян Лекорнюгийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр, пүрэв гарагт болсон хямралын асуудлаарх хурлын үеэр тагнуулын байгууллагууд эсэргүүцлийн хөдөлгөөнийг зүүний хэт чиглэлийн улс төрчид, тэр дундаа “La France Insoumise” (LFI) намын гишүүд эхлүүлсэн гэж мэдээлжээ. Харин LFI-ийн парламентын гишүүн Луи Бояр Францын телевизүүдэд өгсөн ярилцлагадаа энэ мэдэгдлийг няцаасан байна.
Багшийн хүрэлцээ муу, сургуулийн барилга байгууламжийн нөхцөл муудсан зэрэг асуудлыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн сард Парисын бүс нутагт эхэлсэн. Эсэргүүцлийн жагсаал улс даяар тархахын хэрээр хүчирхийллийн шинжтэй болж, олон арван хүн гэмтэж, цагдаа нар хэдэн зуун хүнийг баривчлахад хүрэв.
Пүрэв гарагт жагсагчид хоёр ахлах сургуульд гал тавьсан бол өмнөд нутгийн Марсель хотын өөр нэг сургуулийн дэргэд багш нар луу бензин цацсан талаар албаныхан мэдээлжээ.
Зүүн нутгийн Страсбург хотод нэг автомашиныг шатаасан хэрэг гарч, баруун өмнөд нутгийн Тулуз хотод үймээний цагдаа нар залуучуудтай мөргөлдсөн байна.