
"Хашаандаа сайхан амьдаръя" ТББ болон "Ургамлын ой" ХХК хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Хотын ой” төслийг санаачлан COP 17 хурлын ногоон бүсэд олон нийт болон хөрөнгө оруулагч компаниудад танилцуулж байна. "Ургамлын далай" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хоролмаатай энэ талаар ярилцлаа.
-Сайн байна уу. “Хотын ой” төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид “Хотын ой” гэх төслийг танилцуулж байгаа. Эхлээд хашаандаа халаасны ойтой болж дараа нь гудамжаараа, үүний дараа хороогоороо, хотоороо ойтой болж хотын ой бий болно гэдэг үзэл баримтлал дээр энэхүү төслөө эхлүүлсэн. Тэгэхгүй улс татвар төлөгчдийн мөнгөөр нэг газар очоод цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах бол хотын ой биш. Хотын ой хашаа газартай айл болгон мод тарьж ургуулахаас эхэлнэ.
-Энэхүү төслөө COP 17 ногоон бүсэд танилцуулж байгаа шалтгаан юу вэ?
- Мэдээж хөрөнгө оруулалт татаж хувийн байгууллагуудтай хамтрах мөн иргэдэд хотын ойг бий болгоход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг таниулах зорилготой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод байгаа 300 мянга гаруй хашаа ямар ч модгүй байдаг. Иймээс эдгээр айлууд хашаандаа мод тарьдаг болчихвол гудамжаараа, хороогоороо, дүүргээрээ ойтой болох боломжтой. Төслийнхөө хүрээнд бид эхний ээлжид нэг хашаанд 25 ширхэг модоор халаасны ойг хийхээр төлөвлөж байгаа. Тухайн модноосоо айлууд жимсний чанамал хийх боломжтой. Хавар болохоор цэцэглэж хашаандаа өнгө үзэмж нэмдэг ийм л орчныг бий болгохыг хүсэж байгаа.
-Хөрөнгө оруулалт авлаа гэхэд үйл ажиллагаа нь хэрхэн явах вэ?
-Манайх хоёр жилийн турш төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1250 гаруй айлын хашаанд мод тарихад бэлдцээр хангаж, заавар зөвлөгөө өгсөн туршлагатай. Энэ нь одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин одоо энэ цар хүрээгээ улам тэлэхийг зорьж байгаа. Хөрөнгө оруулалтаараа бэлдэц боловсруулж, гэр хорооллын мод тарих хүсэлтэй айлуудад 25 ширхэг модны суулгац өгч, тарих ургуулах явцад нь тусална. Цаашлаад хөршийн холбоотой болгож, усалгааны хүндрэлийг багасгах зэргээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Бидний хувьд барилгажуулалтын эсрэг байр суурьтай. Хүн хувийн эдлэн газартай байж тэндээ аж төрөх сонголтыг хүндэтгэх хэрэгтэй гэж боддог. Гол нь бид зөв зохион байгуулж, ойжуулж чадахгүй байгаад асуудал байна. Иймд амьдралын тав тухтай орчныг хангахад нь туслахыг зорьж, нийгмийн хариуцлагын хүрээндээ энэхүү төслөө эхлүүлсэн.
-Хоёр жилийн өмнө хэрэгжүүлж байсан ажлаа дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Өмнө нь “Хашаандаа таван мод” төслийг хэрэгжүүлж, айлууд манайхаас мод аван тарьж хашаагаа баяжуулсан. БОАЖЯ болон Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ оролцоотойгоор мод тарих хүсэлтэй нийт 1250 айлыг хорооны хэсгийн ахлагч нар бүртгэн тухайн айлуудад модны бэлдцийг хүргүүлж, заавар зөвлөмжөөр ханган ажилласан. Одоогийн байдлаар модны ургалт 95 хувиас дээш байна. Энэ ажлын санхүүжилт нь яам дүүргүүдээс гарсан. Харин одоо танилцуулж буй “Хотын ой” төслийг заавал төрийн оролцоотой, татварын мөнгөөр биш хувийн хэвшилтэй хамтран хийх бүрэн боломжтойгоороо онцлогтой.
-Хотын тоос, агаарын бохирдлоос шалтгаалаад мод ургадаггүй, арчилгаа их шаарддаг гэх ойлголт иргэдийн дунд байдаг. Энэ үндэслэлтэй юу?
- Мод сайн ургахад гурван хүчин зүйл чухал. Нэгдүгээрт, модны чанар, зөв бэлтгэсэн сайн үндэстэй эсэх нь, хоёрдугаарт, зөв тарих, эцэст нь усалгаа арчилгаа. Энэ нь эзний хандлага, сэтгэлгээнээс хамаарна. Өмнө хэрэгжүүлсэн “Хашаандаа таван мод” төсөл бол мод тарих чин хүсэлтэй иргэдэд хүрсэн учраас үр дүн өндөртэй байгаа. 95 хувийн үр дүн бол мэргэжлийн байгууллагын хяналт тооллогоос гарсан дүн гэдгийг онцлон хэлмээр байна.