
Дэлхий дээрх хамгийн үнэтэй ор эмнэлэгт байдаг гэх утгатай нийтлэл нийгмийн сүлжээнээс олж харлаа. Энэ ор цаг хугацаа, амьдралын хором мөчүүд, итгэл найдвар, ажил хичээл, амжилт, амьдралын чанар гээд амьдралын үнэ цэнтэй бүхнийг сордог талаар дурджээ.
Энэ бүгд дээр нэмээд стресс, санаа зовнил, шаналлыг нэмэхээс гадна эдийн засгийн алдагдалд оруулдаг гэдгийг ч мартаж болохгүй. Тиймдээ ч эрүүл мэндийн даатгал тансаг хэрэглээ бус хүний суурь хэрэгцээнд тооцогдож улс бүр өөрсдийн онцлогтой даатгалын тогтолцоотой байдаг. Энэ тогтолцоо зөвхөн эмчлэхэд бус эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн хямрал, ядууралд өртөхөөс хамгаалах давхар үүрэгтэй. Харамсалтай нь, манай улсын эрүүл мэндийн салбар уналтад орсноор иргэн, өрхийн эдийн засагт ч сүүдрээ тусгасан.
Монгол Улсын хүн амын 0.13 хувь нь гуравдагч шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан “халаасны зардлын” улмаас санхүүгийн хямралд оржээ. Харин хоёрдогч шатлалын эмнэлэг болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой “халаасны зардал” нь нийт хүн амын 0.10 хувь болон 0.09 хувийг тус тус хямрал руу түлхсэн байна.
Dorjdagva J, Batbaatar E, Svensson M, Dorjsuren B, Togtmol M, Kauhanen J. - Does social health insurance prevent financial hardship in Mongolia? Inpatient care: A case in point-судалгааны ажлаас
Эрүүл мэндийн эдийн засагч Ж.Дорждагва тэргүүтэй судлаачдын хийсэн судалгааны дүнд иргэдийн төлбөрийн чадварын 40 хувийг босго болгон тооцож үзэхэд Монгол Улсын өрхийн 0.31 хувь нь гуравдагч, хоёрдогч шатлалын улсын эмнэлэг, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний улмаас санхүүгийн хүндрэлд орсон гэсэн дүн гарчээ. Улсын эмнэлгүүдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний ихэнх нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаг хэдий ч гуравдагч шатлалын улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүд хувийн эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдтэй харьцуулахад өрхөө санхүүгийн хүндрэл, ядууралд оруулах магадлал илүү өндөр байдаг аж.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар 2023 онд дэлхий дээр ойролцоогоор 4.6 тэрбум хүн бүрэн чадавх бүхий эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй ба 2.1 тэрбум хүн эмнэлгийн зардлаас үүдэн санхүүгийн хүндрэлтэй байжээ. Эрүүл мэндийн тогтолцооны үр ашиг буюу хамгаалалт, үйлчилгээний хүртээмжийг тухайн улс орны зарцуулсан нөөцтэй хэрхэн уялдуулж байгааг хэмждэг судалгаагаар дэлхийн 191 орны ихэнх нь эрүүл мэндийн системийн нөөцөө үр ашигтай ашиглаж чадаагүйд тооцогджээ. Эдгээр улсын нэг нь манай Монгол.
Иргэд эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээ (эх, хүүхэд, халдварт өвчин, архаг өвчин, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт гэх мэт)-г хэр хэмжээнд авч чадаж байгааг 100 хүртэлх оноогоор илэрхийлсэн дүнгээр Монгол Улс 70 оноотойгоор дунд түвшин буюу дутагдалтай гэсэн тодорхойлолтой яваа.
Эрүүл мэндийн зардлаас болж санхүүгийн дарамтад орж байгаа хүн амын хувийг харуулсан дүнгээр 29 хувьтай гарчээ.
Өөрөөр хэлбэл, хүмүүс халааснаасаа хэр их мөнгө төлж байна, энэ төлөөс нь амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж байна уу гэдгийг харуулахад Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь эрүүл мэндийн зардлаас болж санхүүгийн хүндрэлд орж байна гэсэн хариу гарчээ. Энэ нь ноцтой өндөр үзүүлэлтэд орно. Монголд эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байгаа ч иргэдийг хамарч, үзүүлж буй үйлчилгээ нь сул хэрнээ тэр үйлчилгээг авахдаа иргэд дийлэнх төлбөрийг өөрсдийн халааснаас төлдөг буюу эрүүл мэндийн үйлчилгээ авах санхүүгийн хамгаалалт хангалтгүй байгааг харуулж байна.
“National Life” даатгалын компанийн хийсэн Монгол Улсад хорт хавдрын эмчилгээ хийлгэхэд гарах зардлын тооцоололд химийн туяа эмчилгээний нэг курс-1.3 сая, элэгний хавдрын мэс засал, хими болон туяа эмчилгээний зардал 12 сая төгрөг, ходоодны хагалгааны багаж хэрэгслийн зардал 3-4 сая төгрөг байна. Энэ тоо бол ердөө эмчилгээний зардал бол аливаа өвчин хүндэрсэн үед эмчилгээний өртөг эрс нэмэгдэж, дараах зардлууд нэмэгддэг. Нарийн мэргэжлийн оношилгоо (MRI, CT, биопси гэх мэт) нь 200000-1.2 сая төгрөг, эмчилгээний дараах хяналт, сувилгаа, хөдөлмөрийн чадвар алдалтын зардал сар бүр 600000-1.2 сая төгрөг гэж тооцвол дундаж өртөг 3-20 сая төгрөг болон түүнээс дээш болно. Хожуу оношилж, эмчлэх зардал нь эрт илрүүлэлтийн өртгөөс 20-80 дахин өндөр байдаг гэдэг. Өндөр өртөгтэй эмчилгээ гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг төдийгүй энэ төрлийн зардлын 60 хүртэлх хувийг өрх шууд төлөх шаардлагатай болдог. Зарим тохиолдолд зээл авах, өмч хөрөнгө борлуулах, хуримтлалаа алдах эрсдэлтэй гэхчлэн гинжин урвалаар өрнөж ядууралд хөтөлдөг.
Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч хамрагдалт 50 хувьтай, эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгосон ч үр нөлөөг тооцоогүй. ЭМДЕГ-ын мэдээллээр 2018 оноос хойш хепатитийн В, С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд 47 тэрбум, хепатитийн B, C вирусын эсрэг эмэнд 36 тэрбум төгрөг олгосон байна. Тодруулбал, хепатитийн В, С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм. Засгийн газар, ЭМДЕГ, ХӨСҮТ-ийн даргын амнаас гарсан зарцуулсан мөнгөн дүн бүгд өөр өөр. Гэхдээ үр дүн нь харин ижилхэн 0.
Тэгвэл нөгөө талд Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сан өр төлбөр ихтэй, хүртээмжгүй, үлгэн салган оршиж буй. 2025 оны эхний улиралд ЭМДС-гийн өрийн 100 гаруй тэрбумыг олон улсын зээл тусламжаар төлсөн бол үлдэгдэл 316 тэрбум төгрөгийг 2025 онд батлагдсан төсвөөсөө нөхөн төлжээ. 2026 оны улсын төсвийг хэлэлцсэн намрын чуулганы хурлаар нийт 130 тэрбум төгрөгийн өр үүссэнийг мэдэж авсан. Эрүүл мэндийн даатгалын сан энэ онд 1.2 их наяд төгрөгийг 321 эмнэлэгт өгөхөөр төлөвлөсний 85 нь төрийн, 236 нь хувийн хэвшлийнх гэж танилцуулсан. Үр ашиггүй хөтөлбөр дээр нэмээд эмнэлгүүдийг гүйцэтгэлд суурилсан байдлаар санхүүжүүлэх болсны гор өр болж илрэв.
ЭМД-ийн сангийн өр, орлогынхоо 27.3 хүртэлх хувьтай тэнцэх алдагдалтай гардаг болж иргэд эрүүл мэндийн даатгал төлсөн ч сангийн өр төлбөрөөс шалтгаалан хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэн эдийн засгийн хүндрэлд орох болсон.
Өрхөд 60-аас дээш насны гишүүн, өвчтэй гишүүн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гишүүн байгаа зэрэг нь эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй өрхийн санхүүгийн сүйрэлд өртөх магадлалыг нэмэгдүүлж байна. Өрхийн эрүүл мэндэд зарцуулж буй зардал нь тухайн өрхийн хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн шинж байдлаас гадна өрхийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, дээд шатлалын эмнэлгүүдээс авч буй үйлчилгээнээс илүү хамааралтай байна. Тиймээс дээд шатлалын ялангуяа гуравдагч шатлалын эмнэлэг болон хувийн эмнэлгээр үйлчлүүлэх үеийн санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй өрхийн санхүүгийн сүйрэлд нөлөөлж буй хүчин зүйлсМонголын хүн амын сэтгүүл дугаар (499)
ДЭМБ болон Глобаль эрүүл мэндийн зардлын сангаас гаргасан нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлын үзүүлэлт (2022 онд) 448.24 ам.доллар байсан. Энэ тоо Японд 4347 ам.доллар, Хятадад 671, ОХУ-д 936 байдаг. Монгол Улс нь энэ үзүүлэлтээр харьцангуй доогуур байгаа нь эрүүл мэндийн салбарын санхүүжилт ба үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хулгайг арилгавал үзүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ өрхөд үүсэх санхүүгийн хүндрэл багасч ядуурлыг бууруулахад ахиц гарах нь тодорхой.