МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 11.00 цагаас эхэлнэ.
МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийн Монгол ардын намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, дараагийн даргыг тодруулна. МАН-ын шинэ даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөнө.
Тус намын бага хурлын гишүүд байр сууриа илэрхийллээ.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар: -Өнөөдрийн намын бага хурлаас хоёр үндсэн асуудал шийдэх байх гэж бодож байна. Нэгдүгээрт, намын даргын асуудлыг байх. Хоёрдугаарт, намын их хурлын товыг зарлахаар бага хурал хуралдаж байна. Сүүлийн 20 хоногт намаа тараангаа алдлаа. Энэ бол улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал гээд олон сөрөг үр дагавар бий болгож болзошгүй. Тиймээс намын их хурлын товоо яаралтай зарлаасай гэж бодож байна. Намын их хурал 11 дүгээр сарын эхээр болох байх.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: -Өнөөдөр бага хурлаар зохион байгуулалтын асуудал хийгээд намын их хурлын товыг гаргана. 300 гаруй мянган гишүүний хүрээнд МАН-ын эв нэгдэлтэй байдаг. Харин шийдвэр гаргах түвшний цөөн бүлэн хүмүүс хагаралтай байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Манай дүрмээр сонгуульд ялсан намын даргаа Ерөнхий сайдад дэвшүүлдэг. Улмаар манайх Л.Оюун-Эрдэнийг намын даргаар дэвшүүлсэн. Сүүлийн гурван сар үргэлжилж байгаа асуудал талцал, хагарал бий болгож байгаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Түүнээс хойг барьж хорьж, гүтгэж, харлуулж байгаа асуудал хэтэрлээ. Бага хурлын гишүүд ч үүн дээр дүгнэлттэй ирж байгаа байх.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Өнөөдрийн бага хурлаар намын даргын сунгаа албан ёсоор эхэлнэ гэж бодож байна. Улс төрийн нам учраас 2027, 2028 оны сонгуулиар ялалт байгуулах нь чухал. Ялалт байгуулна гэдэг нь олон нийтийн санал бодлыг сонсдог, тулгарч байгаа асуудлаа шийддэг байх нь чухал. Нам эв нэгдэлтэй байх нь чухал. Эв нэгдэлтэй байх эсэх нь өнөөдрийн хурлаар шийдэгдэх байх. Мөн өнөөдрийн хурлаар цэг тавиасай гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: - Мөнгөний боол болсон улсуудаасаа холдооч гэж би шаардаад байгаа. Л.Оюун-Эрдэнэ ч чадсангүй. Тэрний өмнөх Засгийн газар, их хурал ч чадаагүй. Одоо энэ байдлаараа яваад байвал болохгүй. Шуналаас холхон хүн олох учиртай. Ашиг завшаан хайсан хүмүүсийг эр, эм, хөгшин, залуугаар нь ялгадаг байх хэрэгтэй. Цэвэрлэгээ хийж чадах уу, үгүй юу л гэдэг асуудал. Намын даргын асуудлаа их хурлаараа шийддэг. Онцгой тохиолдолд бага хурлаараа шийдэх нь байдаг санагдаж байна.
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва: Намын даргыг бага хурал дээр сонговол дутуу сонголт болох болов уу гэж бодож байна. Учир нь намын өнөөдрийн хагарал, нөхцөл байдлыг өргөн бүрэлдэхүүнтэй ярилцаж, зөв хүнийг сонгох нь зүйтэй. Нэг намаас болоод улс орны ажил зогсчихно гэж бодохгүй байна. Улс орны эрх ашгийг бодож байна гээд намын гишүүдийн төлөөллийг дутуу оролцуулах нь зөв үү?