
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд ой, хээрийн түймэр эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан 60 мянга орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан талаар орон нутгийн албаныхан мэдээллээ.
Спокан бүсэд нэгэн зэрэг дэгдсэн гурван түймэр хотын ойролцоох суурьшлын бүсүүдэд заналхийлж байна. Ням гарагийн байдлаар нийт 2180 га талбай шатжээ. Түймрийн улмаас орон сууц, аж ахуйн нэгж зэрэг 600 орчим барилга байгууламж сүйдсэн аж.
Споканы Гал түймэртэй тэмцэх газрын дарга Том Уильямсын мэдээлснээр, түймрийг бүрэн хяналтдаа авч чадаагүй бөгөөд хүчтэй салхи, хуурайшилт галын тархалтыг улам нэмэгдүүлж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн болон бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй талаар албаныхан мэдэгдэв.
Спокан хотын захирагч Лиза Браун энэхүү гамшгийг “манай бүс нутагт тохиолдсон хамгийн хүнд байгалийн гамшиг” хэмээн тодорхойлжээ.
Мөн түймрийн улмаас бүс нутгийн 10 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болжээ. Эрчим хүчний "Avista Utilities" компанийн мэдээлснээр, цахилгаан шугам, дэд бүтцэд учирсан хохирлыг үнэлж, сэргээн засварлах ажил үргэлжилж байна.
Вашингтон мужийн хэмжээнд нийт 101 мянга гаруй га талбай түймэрт өртсөн аж.
Вашингтон мужийн захирагч Боб Фергюсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Холбооны онцгой байдлын удирдлагын агентлагаас (FEMA) тусламж хүсжээ.