
Ард иргэдийн эрүүл мэндийн байдал улсын хөгжил, нийгэм, эдийн засгийн байдалтай шууд уялдаатай. Тиймээс иргэдийнх нь эрүүл мэнд, энх амьдралд сүүдэр тусгаж байгаа мянга, мянган өвчлөлөөс сэргийлэх, хүндэрч, үхэлтэй нүүр тулахаас нь урьтаж эмнэх нь дэлхийн олонх орны зорилго, голч хийгээд холч хараа. Манай улс ч ялгаагүй сүүлийн жилүүдэд нийт хүн амынхаа эрүүл мэндийн асуудалд анхаарч, өвчлөлийн тоо, тохиолдлыг цөөрүүлэх чиглэлд багагүй ач холбогдол өгч, шаггүй төсөв “хаяж” буй. Монгол гуравхан сая хүн амтай хэр нь хавдрын өвчлөлийн түвшингээрээ дэлхийд 45 дугаарт эрэмбэлэгдэж, хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаа учир энэ чиглэлд ийн илүүтэй анхаарахаас ч аргагүй.
Эрүүл монгол иргэн цаашлаад өвчин эмгэггүй нийгмийг цогцлоохыг зорьж хэрэгжүүлж буй нэг гол ажил бол эрт илрүүлэг. Гэхдээ сүүлийн 3-4 жил үргэлжилсэн эрт илрүүлэгт гэх нөр ажил үндсэн зорилгоо биелүүлж чадсан уу, үүнд зарцуулсан төсвийн мөнгө өгөөжөө хүртээж, аюулт өвчлөлүүдийг амдан, торгоож дөнгөсөн эсэх асуудал нь иргэдийн дунд ч, мэргэжлийн байгууллагуудын хувьд ч том асуултын тэмдэг хэвээр байгаа юм.
Өмнөх ажлынх нь үр дүн, үрсэн зардлын өгөөж бүрэн тодорхой болоогүй, бүр хэт өндөр зардлаар бага өвчлөл илрүүлсэн гэх судалгаа, шүүмжлэлийн гал ч бүрэн намжаагүй байхад дараагийн төслөө эхлүүлэхээр зэхжээ. Тодруулбал, одоогоос ердөө 10 гаруй хоногийн дараа улс орон даяар “Сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг” эхэлнэ. Өнгөц сонсоход, эх орны ирээдүй болсон бяцхан үрсээ элдэв өвчлөл, их эрсдлээс сэргийлэх чухал ач холбогдолтой мэт энэ арга хэмжээний цаана ээдрээтэй, эргэлзээтэй асуудал олон бий.
2026 оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжих сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт дөрвөн өөр насны хүүхдүүдийг хамруулах юм. Тодруулбал,
Цэцэрлэгийн 3 настай
ЕБС-ийн I анги, 6 настай
ЕБС-ийн VI анги, 11 настай
ЕБС-ийн X анги, 15 настай хүүхэд хамрагдахаар байна.
Үзлэгээр хүүхдийн өсөлт хөгжил, хараа, зүрхний цахилгаан бичлэг, нурууны мурийлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл, мөн өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсад 0–18 хүртэлх насны 1.28 сая хүүхэд амьдарч буй. Тэдний дөрөвний нэгийг нь эрт илрүүлэх үзлэгт хамруулах нь ирээдүй болсон үрсээ элдэв өвчлөлөөс сэргийлэх том зорилгоо биелүүлэхэд нь хангалттай түлхэц болж чадах уу гэдэг анхаарах учиртай өнцөг. Мөн цаашдаа хүүхэд бүрийг 3, 6, 11, 15 насанд нь эрт илрүүлэгт хамруулах тодорхой систем бий болсон эсэх нь хамгийн чухал юм. Нэг жилийн ажил, нэг удаагийн үзлэг насан туршийн аль эсвэл нийт хүн амын эрүүл мэндийн баталгаа, эрсдлээс сэргийлэх гаргалаа болж чадахгүй нь нэн тодорхой асуудал.
Эрт илрүүлэг, үзлэг оношилгоог 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн жил уг ажилд зарцуулах төсөв 16.3 тэрбум төгрөг байв. Харин 2023 онд 42.6 тэрбумд хүрч, түүнээс хойш тогтмол энэ хэмжээний мөнгийг зарцуулж буй. Харин ЭМД-ын 2026 оны төсвийн төсөлд “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” гэсэн зардлын ангилалд 98.2776 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ нь тус ажилд чамлахаараагүй мөнгө зарцуулж буйн илрэл.
Нэг ч болов монгол хүн өвчнөө илрүүлж, эрт үед нь оношилж, эмчилгээ хийлгэж байвал сайн хэрэг. Гэхдээ эрт илрүүлэх үзлэг хийж эхэлснээс хойш нийт 11 мянган сэжигтэй тохиолдол илрүүлсэн байна. Үүний тулд нүсэр бүтэцтэй, өндөр зардалтай ажил зохион байгуулж, улсын мөнгөөр 3.2 сая иргэнд толгой дараалан үзлэг хийхийг мэрийх нь оновчтой шийдэл биш гэдгийг салбарынхан ч хэлдэг. Гэтэл одоо хүүхэд бүрийг эрт илрүүлэгт хамруулахыг зорьж, эмч нарыг сургагч багшаар бэлтгэж, сургалт, судалгаанд хамруулж эхэллээ.
Ардчилсан нийгэмд хүүхдийнхээ өсөлт, хөгжил, нүд, шүд, нуруу, сэтгэцийн хөгжилд анхаарал тавих нь эцэг, эхийн үүрэг хийгээд эрх. Улсаас уг асуудлыг шийдвэрлэхийг мэрийх нь өрөөсгөл байж мэдэх өнцөг. Учир нь хүүхдэд ямар нэг эрсдэл байгаа тохиолдолд эрт илрүүлгийн багийнхан дараагийн шатны эмнэлэгт хандах зөвлөмж өгнө. Өвдөхийг нь, өвдсөн эсэхийг нь анзаарахгүй өдий, төдий хүргэсэн гэнсрэггүй томчууд толгой дараалан мэргэжлийн эмч, дараагийн шатны эмнэлэгт хандах эсэх нь эргэлзээтэй. Энэ асуудал хөдөө, орон нутагт бүр ч бэрх. Тиймээс улсын мөнгийг үргүй зарцуулсан дараагийн жишээ болж хувирах эрсдэл бий.