Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Засгийн газраас 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээний 33 хувь нь, гишүүдийн нэмж оруулсан саналуудын 41 хувь нь зам барих буюу авто машинд зориулсан саналууд байна. Бид өнгөрсөн хугацаанд нэг зүйлийг буруу ойлгосоор ирсэн. Энэ бол "Зам дагаж хөгжил" гэдэг ойлголт. Зам барьж, зам дагаж хөгждөг улс орнууд бол авто машин үйлдвэрлэгч улс орнууд. Тэр улс орнуудын зөвлөхүүд нь ирээд зам барь гээд байдаг.

2026 онд татвар төлөгчдийн мөнгөний ихэнхийг зам барих ажилд зарцуулах нь. Манайх шиг уул уурхай, хөдөө аж ахуй голлосон, цаашдаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа улс нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Төсөв, төлөвлөгөөний дийлэнх нь энэ чиглэлд байх ёстой. Иргэдийн төлсөн татварыг хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр хангахад зарцуулах ёстой. Харамсалтай нь, боловсолын салбарт 20 хуваасны нэг буюу тавхан хувь, эрүүл мэндийн салбарт гуравхан хувийг зарцуулахаар болоод байна. Өнөөдөр эмнэлэг нь дараалал ихтэй, ор нь хүрэлцэхгүй, сургууль нь нэг ангидаа 55-аас дээш хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Засгийн газар нь төлөвлөгөөнийхөө 33 хувийг, гишүүд нь гаргасан саналынхаа 41 хувийг зам тавихад зарцуулахаар төлөвлөж болохгүй" гэв.

Эцэст нь гишүүдийн 67.9 хувь нь Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.