Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21 өдрүүдэд болж өнгөрлөө. Шалгалтын дараа “Агуулга хэт хүнд, сургалтын программд тусгагдаагүй, ач холбогдолгүй асуултууд оруулсан, харандаа, баллуур шаардлага хангаагүй, үзүүрлэгч хангалттай олон байгаагүй, хяналт сул байсны улмаас зарим сурагч гар утас, тооны машин шалгалтын үеэр ашигласан” гэхчлэн олон асуудал үүссэн болохыг шалгуулагч, эцэг, эхчүүд, багш нар нийгмийн сүлжээнд илэрхийлээд буй.

Түүнчлэн зарим хичээлийн даалгавар гадаадын их сургуулийн тэтгэлгийн шалгалтаас ч хүнд байсан нь цаашид дотоодын их, дээд сургуульд элсэхээр Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын тоог цөөрөхөд нөлөөлөх ч эрсдэлтэй юм. Түүгээр ч зогсохгүй шалгалтын тест автоматаар унших машин ч алдаа заасан байна.

Эдгээр болон бусад асуудалд Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс мэдээлэл өглөө.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа: Энэ жилийн Элсэлтийн шалгалтад 43 318 хүүхэд орсон. Тэдний 20500 нь эрэгтэй, 22 мянга нь эмэгтэй шалгуулагч байлаа. Орон нутагт 21 мянга, нийслэлд 21 мянган хүүхэд шалгуулсан. Элсэлтийн шалгалт зохион байгуулахтай холбоотойгоор улс даяар 3000 багш шалгалт зохион байгуулсан. Элсэлтийн шалгалтыг 2006 оноос хойш ижил зохион байгуулалттайгаар явуулж байна. Шалгалтын асуултуудыг тагнуулын байгууллагын тусламжтайгаар, вакум орчинд боловсруулдаг. Мөн тагнуулын тусламжтайгаар даалгаврыг орон даяар тараадаг. Тиймээс даалгавар задрахтай холбоотой ямар нэг асуудал гараагүй.

Элсэлтийн шалгалтын дүн оноог дүйцүүлдэг. Энэ жил 3661 хүүхэд шалгалтын оноогоо дүйцүүлсэн. 2025 онд нийт 10 хичээлээр шалгалт өгчээ. 800 оноо авсан шалгуулагчдын тоог мөн танилцуулав. Энэ онд нийт 171 хүүхэд 800 оноо авчээ. Өмнөх онуудын шалгуулагчдын дундаж оноотой харьцуулахад энэ жилийнх огцом буураагүй, ижил байсан. Тухайлбал,

• Түүх 43.6-2024 онд 41.2 оноо,

• Англи хэл 35.3-2024 онд 35.7 оноо,

• Хими 32.9-2024 онд 25.3 оноо,

• Газар зүй 56.7- 2024 онд 44 оноо,

• Нийгэм судлал 36.1-2024 онд 43 оноо,

• Биологи 34-2024 онд 46 оноо,

• Математик 20-2024 онд 24 оноо,

• Физик 35.6-2024 онд 34.6 оноо,

• Орос хэл 64.4-2024 онд 64 оноо,

• Монгол хэл 42-2024 онд 38 оноотой байсан байна.

Нийт 10 хичээл дээр 800 оноо авсан шалгуулагчдын тоо ч энэ жил нэмэгдсэн. Нийт 171 сурагч 800 оноо авсан.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц: Элсэлтийн шалгалтын дараа материал хүнд байлаа гэх шүүмжлэл багш, сурагч нарын зүгээс гардаг. Элсэлтийн шалгалт гэдэг нь уралдаант шалгалт. Агуулгыг боловсруулахдаа сургалтын үндэсний хөтөлбөр барьдаг. Сэдэв, даалгавар боловсруулагч нарыг тодорхой сонгон шалгаруулалтаар авдаг. Нэг хичээл дээр гурван хүн ажилладаг. Хоёр нь Элсэлтийн шалгалтын материалыг боловсруулна. Нэг хүн нь хөндлөнгийн мэргэжилтэн болж ажилладаг. Тэд тодорхой хугацаанд нийгмийн орчноос тусгаарлагдаж, хараа, хяналт дор ажилладаг. Сургалтын хөтөлбөрийн агуулгад сургалтын зорилго гэж байдаг. Үүн дээр шалгалтын агуулга төвлөрдөг. Агуулга хүнд байгаа тохиолдолд оноо өмнөх жилийнхээс хэт доор байдаг. Мөн агуулгаасаа зөрж ирсэн тохиолдолд шалгалт хүнд байдаг. Бид үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, 2-3 сарын өмнө шалгуулагчдад мэдэгддэг. Улмаар шалгалтын материалаа ямар агуулгын хүрээнд оруулах ойлголт өгдөг. Уралдаант шалгалтад хөнгөнөөсөө хүнд даалгавар ордог.

Энэ жил математикийн хичээл дээр жишиг болох 1000 даалгавар боловсруулсан. Цаашид нээлттэй даалгаврын сан хэрэгжүүлнэ. Энэ жил энэ хүрээнд шалгалтын материал ирнэ гэсэн жишиг өгнө. Улмаар өгөгдөл солих байдлаар шалгалтын материалаа бэлтгэнэ. Тэтгэвэр тогтоох аргачлалыг сурах бичигт тодорхой тайлбарласан байдаг. Хөтөлбөрөөс гажсан эсэх тохирцыг бид шалгадаг. 

Шалгалтын материал боловсруулагчдыг тасралтгүй бэлтгэдэг. Хүүхдийн мэдлэг, чадварыг бодитой үнэлэх хүний нөөц бий болгодог. Энэ жил нийт 30 хүн шалгалтын материал дээр ажилладаг. Тэдний дунд ЕБС-д хичээл заадаг, их, дээд сургуульд багшилдаг гэх шаардлага тавьдаг. Тодруулбал, нэг нь ЕБС-ийн багш байдаг бол нөгөө нь их, дээр сургуулийн багш эсвэл хүүхдүүд нь олимпиад, уралдаанд амжилттай оролцсон багш байдаг. Мэргэжилтэн нь сурах бичиг боловсруулах багт ажиллаж байсан хүн байвал давуу тал болдог. 

Шалгуулагчийн Элсэлтийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг ШУТИС-ийн Т байрны 207 тоотод хүлээн авч байна. Тиймээс үр дүнд эргэлзэж байгаа эцэг эхчүүд, шалгуулагчид ШУТИС-ийн Т байрны 207 тоотод гомдлоо гаргах боломжтой аж.