
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Аппликейшны зээл өгдөг банк бус санхүүгийн байгууллагууд зээл олгож байгаа хүнийхээ баталгаажуулалтыг сайн хийхгүй хэт их ашгийн төлөө улайрсан үйл ажиллагаа явуулаад алдаагаа төрөөр засуулж болохгүй. Шүүх дээр асуудал үүсэхэд гэрээг нь хүчинтөгөлдөр бус гэж үзээд банк бус санхүүгийн байгууллагуудад хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Ингэж байж хэтэрхий их ашгийн төлөө явахгүй, хэнд зээл олгох гэж байгаагаа сайн судалдаг болно. Одоо бол хэн нь мэдэгдэхгүй нэг хүн иргэний үнэмлэхнийхээ зургийг явуулахад л зээл олгочихоод байгаа юм. Тэр нь шүүх дээр очоод бөөн ачаалал болж байгаа. Улсын тэмдэгтийн хураамж нь ч олигтой мөнгө биш, 37 мянгахан төгрөг. Энэ асуудал шүүхийн ачааллыг нэмж байна" гэв.