
Можтаба Хаменей нь АНУ болон Израилийн хамтарсан довтолгооны үеэр алагдсан эцэг болох Али Хаменейн оронд Ираны шинэ дээд удирдагчаар сонгогджээ.
Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр Аятолла Али Хаменейн хоёр дахь хүү, 56 настай хатуу байр суурьтай шашны зүтгэлтэн Можтаба Хаменей Иранд болсон хүчтэй бөмбөгдөлтөөс амьд үлдсэн байна.
Ираны дээд удирдагчийг сонгодог 88 гишүүнтэй шашны зөвлөл Ираны ард түмнийг эв нэгдлээ хадгалж, шинэ удирдагчийг дэмжихийг уриалжээ.
Ням гарагт төрийн хэвлэлүүдээр тараасан мэдэгдэлдээ тус зөвлөл Можтаба Хаменейг “шийдвэртэй санал хураалтаар” сонгосон гэж мэдэгдсэн байна.
Мөн Ираны ард иргэд, ялангуяа шашны сургуулийн эрдэмтэн судлаачид, их сургуулийн оюун санааны удирдагчид зэрэг хүмүүсийг удирдагчдаа үнэнч байж, эв нэгдлээ хадгалахыг уриалжээ.
Можтаба Хаменей ямар нэгэн сонгуульд хэзээ ч нэр дэвшиж байгаагүй бөгөөд олон нийтийн санал хураалтад орж байгаагүй юм. Гэсэн ч тэрбээр олон арван жилийн турш өмнөх дээд удирдагчийн ойрын хүрээлэлд маш нөлөөтэй хүн байсаар иржээ.Тэр мөн Ираны хувьсгалт гвардтай нягт холбоо тогтоосон байна.
Сүүлийн жилүүдэд түүнийг эцгийнхээ хамгийн боломжит залгамжлагч гэж үзэх болсон. Али Хаменей 8 жил орчим ерөнхийлөгчөөр, дараа нь 36 жилийн турш дээд удирдагч байсны дараа 2-р сарын 28-нд Тегеран дахь ордондоо болсон довтолгоонд алагдсан юм.
Можтаба Хаменей дээд удирдагч болсон нь Ираны төрийн хатуу чиглэлийн бүлэглэлүүд эрх мэдлээ хадгалсаар байгааг харуулж байна. Мөн ойрын хугацаанд хэлэлцээр хийх сонирхол бага байж магадгүй гэсэн дохио болж магадгүй юм.
Удам дамжсан засаглал
Можтаба Хаменей удирдагч болох асуудлын талаар олон нийтэд хэзээ ч ярьж байгаагүй. Учир нь түүнийг дээд удирдагч болгох нь 1979 оны Исламын хувьсгалаас өмнөх Pahlavi dynasty-ийн хаант засагтай төстэй удмын засаглал бий болгох эрсдэлтэй гэж үздэг.
Тиймээс тэр олон нийтийн өмнө лекц унших, баасан гарагийн номлол хийх, улс төрийн илтгэл тавих зэрэг зүйлсийг бараг хийдэггүй байжээ. Ингэснээр олон иранчууд түүний дуу хоолойг сонсож байгаагүй ч түүнийг шашны засаглалын доторх хурдан өсөж буй нөлөөтэй хүн гэдгийг мэддэг байсан байна.
Түүнд тулгарч буй буруутгалууд
Сүүлийн 20 орчим жилийн турш дотоод болон гадаадын шүүмжлэгчид Можтаба Хаменейг жагсагчдыг хүчээр дарах ажиллагаатай холбон буруутгаж иржээ. Ираны шинэчлэлийн чиглэлийн улс төрийн бүлэглэлүүд түүнийг сонгуулийн дүнд нөлөөлсөн, Басиж хүчнийг ашиглан жагсагчдыг дарсан гэж анх 2009 оны Iranian Green Movement буюу өргөн хэмжээний улс төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн буруутгаж байв. Энэ хөдөлгөөн нь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэнээс эхэлж, улс даяар олон сая хүнийг хамарсан жагсаал болж өргөжсөн.
Энэ хөдөлгөөн нь популист улстөрч Махмоуд Ахмадинэжад дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон маргаантай сонгуулийн дараа эхэлсэн юм. Түүнээс хойш Басижийн хүчнүүд улс даяар гарсан олон жагсаалыг дарах ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж иржээ. Ялангуяа хоёр сарын өмнө болсон жагсаалуудын үеэр мянга мянган хүн амиа алдсан гэж НҮБ мэдэгдсэн.
Харин Ираны удирдлагууд эдгээр үйл явдлыг “террористууд”, “үймээн дэгдээгчид” АНУ болон Израилийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан гэж тайлбарлаж иржээ.
Дунд түвшний шашны зүтгэлтэн
Можтаба Хаменей залуу байхдаа Иран-Иракийн дайны үеэр Исламын хувьсгалт гвардийн Хабиб батальонд алба хааж байсан. Түүнтэй хамт алба хааж байсан залуусын зарим нь одоо Ираны аюулгүй байдал, тагнуулын байгууллагуудад өндөр албан тушаалд хүрчээ.
Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр Можтаба Хаменей олон улс дахь хөрөнгө бүхий томоохон эдийн засгийн сүлжээ бий болгосон байж магадгүй гэж үздэг. Албан ёсны баримт бичгүүд дээр түүний нэр гардаггүй ч тэр дотоод сүлжээ, хамтрагчдынхаа тусламжтайгаар олон тэрбум ам.доллар шилжүүлж байсан гэж мэдээлжээ.
Блүүмбергийн мэдээлснээр түүнийг бизнес эрхлэгч Али Ансаритай холбоотой байж магадгүй гэж үздэг. Ансари өнгөрсөн жил Аяандэ банкыг дампуурсны дараа тус банкыг төрийн шийдвэрээр татан буулгасан хэргээр олны анхааралд өртөж шүүмжлүүлж байв.
Тус банк дотоодын нөлөө бүхий хүмүүст их хэмжээний зээл олгож, их өрөнд орсноор дампуурсан бөгөөд энэ нь Ираны инфляцийг улам нэмэгдүүлсэн байна. Гэхдээ Хаменей болон Ансари хоёр энэ холбоо болон буруутгалын талаар олон нийтэд тайлбар хийгээгүй юм.
Шашны зэрэглэлийн маргаан
Можтаба Хаменей нь хожатолеслам буюу дунд шатны шашны зэрэгтэй. Энэ нь аяатолла зэрэглэлээс доогуур юм.
Гэхдээ түүний эцэг Али Хаменей 1989 онд удирдагч болох үедээ мөн аятолла байгаагүй бөгөөд дараа нь хуулийг өөрчилж байжээ. Иймээс Можтаба Хаменейн хувьд ч мөн адил хуульд өөрчлөлт оруулж болох магадлалтай гэж ажиглагчид үздэг. Одоогоор Иран улс АНУ болон Израилийн хүчтэй бөмбөгдөлтийн үеэр улс даяар интернэтийг хааж, мэдээллийн урсгалыг хязгаарласан хэвээр байгаа тул шинэ удирдлагын талаар хэзээ, хэрхэн албан ёсоор зарлах нь тодорхойгүй байна.