
Япон улс Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) гаргасан 2026 оны Дэлхийн жендэрийн зөрүүний тайланд 145 орноос 117 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн оныхоос нэг байр ахисан боловч Их 7- (G7)-гийн орнуудаас хамгийн доогуур үзүүлэлттэй хэвээр байна.
Тус улсын үнэлгээ 2025 оны 0.666-гаас өсөж, 0.670 болж чансаа нь нэг байраар ахисан аж. Уг үнэлгээгээр 1 гэсэн оноо нь жендэрийн бүрэн тэгш байдлыг илэрхийлдэг.
Дэлхийн эдийн засгийн форумаас лхагва гарагт танилцуулсан жендэрийн зөрүүний индекс нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн үндсэн салбарт жендэрийн тэгш байдлыг хэмждэг.
Улс төрийн эрх мэдлийн оролцооны үзүүлэлтээр Японы оноо 0.02-оор өсөж, 0.105 болсон байна. Уг үзүүлэлт нь парламент болон сайдын албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь, мөн эмэгтэй төрийн тэргүүнүүдийн ажилласан хугацааг харгалзан үздэг. Өнгөрсөн оны аравдугаар сард Санаэ Такаичи Ерөнхий сайдын албан тушаалд очсоноор энэ үзүүлэлт өсжээ.
Харин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоо болон цалингийн зөрүүг харгалзан үздэг эдийн засгийн оролцоо ба боломжийн ангилалд Японы оноо 2025 оны 0.613-аас буурч, 0.609 болов.
Исланд улс дэлхийн чансааг 17 дахь жилдээ дараалан тэргүүлж, араас нь Финланд болон Норвеги оржээ. Намиби улс дөрвөн байр ахиж, дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн бол эхний гурван улсын байр өнгөрсөн оныхтой адил байжээ.
“Эмэгтэйчүүд бизнес болон төрийн байгууллагуудын дээд түвшний удирдлагад хүрч байна. Гэсэн хэдий ч эдийн засаг, улс төрийн хамгийн их нөлөө бүхий албан тушаалд тэдний төлөөлөл харьцангуй бага хэвээр байна” гэж Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлэв.
Хиймэл оюун ухааны салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь инженерүүдийн тавны нэгээс бага бөгөөд “хиймэл оюун ухааны компаниудын бүх түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй” байгааг Дэлхийн эдийн засгийн форум мөн онцолжээ.