
Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ буулгаж дуусжээ. Тус барилгыг буулгах ажлыг энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн юм.
Буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэсэн байна. Барилга буулгалтаас нийт 9800 тонн хүнд хог бууж, 520 удаагийн рейсээр хог тээвэрлэжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өмнө нь манай улсад 12-оос дээш давхар барилгыг буулгаж байгаагүй. Бид барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Ирэх долоо хоногт тус байрыг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Улаанбаатар хот Морингийн даваанд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болсон. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тус барилгаас гарсан бетон, арматур зэргийг дахин боловсруулж, ангилан ялгаж байна. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан. Бид газын дэлбэрэлтийн буруутай этгээдээр буулгалтын зардлыг гаргуулахаар бэлтгэж байна. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн. Бид тус барилгыг нураалгүйгээр хүчитгэх талаар удаа дараа ярилцсан ч ингэх боломжгүй байсан” гэлээ.