
Энэ оны тавдугаар сард нээлтээ хийх кинонуудыг танилцуулъя. Уг жагсаалтад ороогүй өөр нэгэн бүтээл өнөөдөр нээлтээ хийсэн нь “The Devil Wears Prada 2” бүтээл билээ.
THE SHEEP DETECTIVES
“The Sheep Detectives” нь гэр бүлийн болон адал явдалт жанрыг хослуулсан, хөнгөн хошин өнгө аястай бүтээл. Нэрнээсээ эхлээд анхаарал татах энэхүү кино нь жирийн нэгэн фермийн хонинууд санаанд оромгүй байдлаар “мөрдөгчид” болж, нууцлаг хэрэг явдлыг илрүүлэхээр оролддог тухай өгүүлдэг.
Хүүхэд, өсвөр насныханд зориулсан мэт боловч насанд хүрэгчдэд ч сонирхолтой санагдахуйц ухаалаг хошигнол, давхар утга агуулгатай гэдгээрээ онцлог. Киноны үйл явдал нэгэн жижиг ферм дээр өрнөнө. Гэвч гэнэт алга болсон эд зүйлс, тайлагдашгүй явдлууд гарч эхэлснээр хонинууд өөрсдөө “мөрдлөг” явуулах шийдвэр гаргадаг. Тэдний логик, хамтын ажиллагаа, мөн хошин байдлаар өрнөх мөрдлөг нь үзэгчдэд хөгжилтэй атлаа сонирхол татам өрнөлийг харуулна.
THE MAGIC FARAWAY TREE
Уран зөгнөлт, гэр бүлийн адал явдалт кинонуудын уламжлалыг сэргээх зорилготой бүтээл. Британийн хүүхдийн зохиолч Блитоны алдарт цувралаас сэдэвлэсэн тул олон үеийн уншигчдад дотно ертөнцийг дэлгэцэнд амилуулах нь киноны гол сорилт болж байна. Түүх нь ид шидийн модоор дамжин өөр өөр ертөнцүүд рүү аялдаг хүүхдүүдийн тухай бөгөөд төсөөллийн хил хязгаарыг тэлсэн адал явдлууд өрнөнө.
Киноны гол давуу тал нь визуал ертөнц. CGI болон орчин үеийн кино технологийн тусламжтайгаар үлгэрийн мэт орон зайг бүтээх нь тодорхой. Гэвч зөвхөн дүрслэлээс илүүтэй хүүхдийн гэнэн итгэл, адал явдлын баяр баяслыг хэрхэн гаргах нь чухал. Хэрэв амжилттай хэрэгжвэл энэ кино Харри Поттер цуврал шиг урт настай франчайз эхлүүлэх боломжтой.
MORTAL KOMBAT II
Кино багийнхан илүү өргөн цар хүрээ бүхий ширүүн тулаануудыг амлаж байгаа. 2021 оны эхний ангид танилцуулсан ертөнцийг гүнзгийрүүлж, алдарт дүрүүд болох Жонни Кейж зэрэг шинэ баатруудыг оруулж ирэхээр болсон нь хүлээлт үүсгэсэн.
Энэ төрлийн киноны гол шалгуур бол тулааны найруулга, дүрүүдийн харизм байдаг. Мэдээж зохиолын сул тал давтагдвал үзэгчдийн итгэлийг алдах эрсдэл бий.
IN THE GREY
Гай Ричигийн найруулсан тус бүтээл орчин үеийн тагнуулын сэдэвтэй бүтээл. Найруулагчийн өмнөх бүтээлүүд болох “The Gentlemen”, “Wrath of Man” зэрэг нь хурдтай монтаж, хурц яриагаараа ялгардаг тул энэ кино ч мөн адил стиль хадгалах магадлал өндөр.
Түүхийн хувьд олон улсын түвшний нууц ажиллагаа, ёс суртахууны саарал бүс дэх шийдвэрүүдийг хөндөх магадлалтай. Гарчиг нь өөрөө сайн, муугийн зааг бүдгэрсэн ертөнцийг илтгэнэ. Тиймээс дүрүүд нь цагаан, хар бус харин завсрын сүүдэрт орших нь сонирхол татах гол цэг байх болно.
THE MANDALORIAN & GROGU
Грогу болон Мандалорианы түүхийг өргөн дэлгэцэд амилуулна. Сүүлийн үед “Оддын дайн” цуврал кино ертөнцөд улам бүдгэрэх болсон. Тиймээс ч эл бүтээлээр нэр хүндийг нь өсгөхийг зорино.
Киноны гол хүч нь дүрүүдийн харилцаа. Грогугийн сэтгэл татам имиж болон Мандалорианы хүйтэн зангийн эсрэгцэл нь үзэгчдийг татдаг. Гэхдээ кино форматад шилжихэд өгүүлэмжийг илүү төвлөрүүлж, том хэмжээний үйл явдал өрнүүлэх шаардлагатай болно.
BACKROOMS
Интернэт соёлын нэгэн сонирхолтой үзэгдэл болох “Backrooms”-оос сэдэвлэсэн энэхүү аймшгийн кино нь сүүлийн үеийн минимал орон зайн айдсыг дэлгэцэнд буулгах оролдлого юм. Хязгааргүй мэт санагдах шар ханатай өрөөнүүд, төөрөгдөл, ганцаардал зэрэг нь орчин үеийн сэтгэл зүйн айдсыг илэрхийлэл болно.
Энэ киноны амжилт нь уур амьсгал дээр шууд хамаарна. Томоохон мангас, шууд цочоох бус харин үл тайлагдах орон зай, дуу чимээ, ганцаардлаар айдас төрүүлэх нь чухал. Хэрэв зөв хийж чадвал “Skinamarink” шиг туршилтын шинжтэй, соёлын үзэгдэл болж хувирах боломжтой. Харин эсрэгээрээ бол зүгээр нэг интернэт санааг сунгасан сул бүтээл болж үлдэх эрсдэл ч бий.