
Германы Кёльн-Бонн нисэх буудлаар 90 гаруй гүрвэл, хорт могойг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эрэгтэйг саатуулсан байна.
Гаалийн ажилтнуудын мэдээлснээр, Мексикийн 45 настай гал сөнөөгч эрэгтэй нисэх буудлын гаалийн “Мэдүүлэх зүйлгүй” гэсэн ногоон гарцаар нэвтрэхийг оролдохдоо “илт сандарсан” байдалтай байжээ.
Ажилтнууд түүнд хар тамхины түргэвчилсэн шинжилгээ хийхэд кокаин илэрсэн байна. Үүний дараа тэд эрэгтэйн чемоданыг шалгажээ.
Чемоданаас хар тамхи олдоогүй ч шампунь, тосны сав, хуванцар сав, оймсыг бөөрөнхийлөн ороон дотор нь хорт могой, хүржигнүүрт могой болон игуана зэрэг төрөл бүрийн могой, гүрвэл нуусан байсныг илрүүлсэн байна.
“Манай нисэх буудлын гаалийн ажилтнууд чемоданд хийж авчирдаг төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлтэй таардаг. Гэхдээ Мексикээс 37 амьд хорт могой, 55 гүрвэл авчирсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй” гэж Кёльн хотын гаалийн газрын хэвлэлийн төлөөлөгч Йенс Аланд хэлжээ.
Зарим амьтныг амьтанд хүнлэг бус нөхцөлөөр тээвэрлэж байсан аж. Мөн Мехико хотоос Истанбул хотоор дамжин ирэх замдаа зарим амьтан нь үхжээ.
Нэрийг нь мэдээлээгүй уг эрэгтэй амьтдыг Бразилын нэгэн танилынхаа хүсэлтээр авчирсан гэж гаалийн ажилтнуудад хэлсэн байна. Түүнийг Германд нэвтрүүлэхээс татгалзаж, Истанбул руу буцаан нисгэжээ.
Харин амьд үлдсэн амьтдыг Германы могой үржүүлгийн газарт байрлуулж, асран хамгаалж байгаа аж.
“Өнгөрсөн жил улсын хэмжээнд хамгаалалтад байдаг 56 600 гаруй амьтан, ургамал болон тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнтэй холбоотой 1300 гаруй удаагийн хураан авалт бүртгэсэн” гэж гаалийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Зургаан жилийн өмнө мөн Кёльн-Бонн нисэх буудлын гаалийн ажилтнууд Мексикээс тоглоом, амттаны илгээмж дотор нууж хууль бусаар тээвэрлэсэн ховор төрлийн 26 мөлхөгч амьтан илрүүлж байжээ. Тэдгээрийн 10 нь үхсэн байсан байна.
Тухайн амьтдыг Герман дахь хувийн худалдан авагчдад хүргэхээр тээвэрлэж байжээ.