
Индонезийн олон иргэн хүүхдэдээ японы манга, анимэний дүрүүдээс санаа авч нэр өгдөг “уламжлал” тогтжээ. Тухайлбал, "Doraemon" анимэний гол дүр болох чихгүй робот муур Дораэмоны нэрээр нэрлэгдсэн 16 хүн албан ёсоор бүртгэгджээ.
Индонезийн оршин суугчдын бүртгэл хариуцсан албан тушаалтан лхагва гарагт цахим хуудсандаа Японы поп соёл Индонезийн иргэдэд хүүхдэдээ нэр өгөхөд нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж мэдээлжээ.
Дэлхий даяар алдартай Японы манга, анимэний гол дүрүүдээс нэр авсан хүмүүс олон байна. Тухайлбал, "Doraemon"-ы өөр нэг гол дүр Нобита нэрийг 181 хүн эзэмшдэг аж.
Хамгийн түгээмэл нь Узүмаки болон Наруто нэр юм. Эдгээр нь нинжа сэдэвт "Naruto" манга, анимэний гол дүр Наруто Узүмакигийн нэрнээс гаралтай. Нийт 347 хүн Узүмаки эсвэл Наруто гэсэн нэртэй байна.
Мөн далайн дээрэмчдийн тухай адал явдалт "One Piece" манга, анимэний гол дүр Лаффи нэрээр 79 индонез хүн бүртгүүлжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хүүхдэд нэр өгөх хандлага цаг хугацааны явцад өөрчлөгдөж, залуу үеийнхэн хүүхдэдээ заавал уламжлалт индонез нэр өгөхийг чухал гэж үзэхээ больжээ.
Ийнхүү японы анимэ, мангагийн дэлхийн хэмжээнд түгсэн соёлын нөлөө нь зөвхөн энтертайнментын хүрээнд бус, индонез хүмүүсийн хүүхдэдээ нэр өгөх сонголтод хүртэл нөлөөлж байгаа нь харагдаж байна.