
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол улс “Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөл” байгуулах шийдвэр гарсан талаар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцууллаа.
Тус зөвлөл байгуулагдсанаар боловсрол, эрүүл мэндийн салбарт ашиглах, төрийн бусад үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилан үзүүлэх, төр иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ урьдчилан төлөвлөх зэргээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх аж.
Зөвлөлийн ахлахаар Ерөнхий сайд Н.Учрал, Дэд ахлахаар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, бусад дэд сайд болон салбарын мэргэжлийн холбоод, ТББ болон хувийн хэвшилийнхэн гишүүд болж ажиллах юм.
Oxford Insights байгууллагаас гаргадаг хиймэл оюун ухааны хөгжлийн 2024 оны индексээр манай улс 188 орноос 98-д эрэмбэлэгджээ. Тодруулбал, стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичиг гэх үзүүлэлтээр 0 оноо авсан байна. Гэтэл дэлхий даяар хиймэл оюун ухаан цаг, минут тутамд хөгжиж улс орнуудын хөрөнгө оруулалт татах томоохон зэвсэг болсон. Тухайлбал, дэлхий даяар 320 тэрбум ам.доллар хиймэл оюун ухаанд суурилсан дэд бүтэцд зарцуулагдаж, зөвхөн энэ салбарын хөрөнгө оруулалт хоёр триллион ам.доллараар хэмжигддэг.
Монгол улс “Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөл”-тэй болсноор уг томоохон хөрөнгө оруулалтын зах зээлд оролцогчийн хувиар хөрөнгө татах боломжтой гэдгийг салбарын сайд онцоллоо.
Зөвлөлийн үйл ажиллагаагаар хиймэл оюун ухааны дата төв байгуулах талаар СОР17 хурлын үеэр олон улсад танилцуулах, хөрөнгө оруулалт татаж хамтран ажиллах төсөл боловсруулж танилцуулах аж.