
“Хямд” гэх тодотголоороо хүмүүсийг татдаг байсан томоохон зах, худалдааны төвүүд зах зээлийн эрсдэлтэй тулж буй.
Нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь олддог, бүх бараа нь хямд гэгдэх “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр гурван жилийн өмнө өдөрт дунджаар 42800 хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарч байв. Түгжрэлтэй ид тэмцэж байсан энэ үед Улаанбаатарын бүх л зах, худалдааны төвүүд иргэдийн хөлд дарагдаж байсныг тухайн үед хийгдсэн судалгааны тоо харуулна. Харин энэ тоо өнөөдөр илтэд цөөрч, “захын борлуулалт буурсан”, “жижиг лангуунууд хаагдаж эхэллээ” гэх яриа ихсэх болсон. Эдийн засаг муудаж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлснөөр захын лангуунууд эрсдэлд орсон мэт харагдавч үнэндээ энэ нь эдийн засгийн нэг “үзэгдэл” аж. Макро эдийн засгийн хүчин зүйлээс шууд хамаарсан гэхээс илүүтэй хэрэглэгчдийн зан төлөв, жижиглэн худалдаанд бий болсон давуу талуудын нөлөөлөл их байна. Нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжил хамгийн их нөлөөлж буй ч гэж хэлж болно.
“Зах = хямд” гэсэн уламжлалт үнэ цэнийн санал алдагдаж байгаа нь зөвхөн макро эдийн засгийн дарамтаас бус микро түвшний бүтцийн өөрчлөлтөөс илүү хамааралтай аж.
Цаг хугацааны явц, нийгэм, эдийн засгийн хөгжлийн шатанд өөрчлөгдөж буй. Нэн тэргүүнд цаг хугацааны өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зорин байж очих хямд үнэ нь замд зарцуулах хугацаа болон чанараас давж чадахгүй байгаа билээ. Нэмээд зогсоолын асуудал ч хөндөгдөнө. Худалдаа эрхлэгчид өөрсдийн автомашинаараа худалдааныхаа төвийг дүүргэж буйг шүүмжилсэн ч үл тоомсорлосноос борлуулалтад нь нөлөөлж байгаа “асуудлыг олж харахгүй байгаа”-г нь олж харж болно. Нэмээд хэрэглэгчид хилийн чанадаас хүссэн бараагаа хямд үнээр захиалж авах боломж бүрдсэн нь лангуун дээрх түрээс, тээвэр, цалин хөлсний нэмэгдэл шингэсэн үнэтэй бараанаас татгалзах үндсэн шалтгаан болсон. Тэнгэр, газар шиг үнийн зөрүүтэй атлаа чанар ижил, сонголт өргөн онлайн худалдаа зөвхөн Монголын худалдааны салбарын бус дэлхий нийтийн “худалдаачид”- ийн эрлэг болжээ.
Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн дээр жишээлэн авч үзвэл томоохон захад байх бөөний төвүүд, үйлдвэрлэгчид хийгээд шууд борлуулагчдын лангуу тасгаас худалдан авалт хийх нь ашигтай тусдаг хэвээр байгаа. Гэхдээ өрхийн худалдан авалтад захын лангуу гэрийн хажуудах супермаркетаас үнэтэй байх нь бий.
Монголд л ийм зүйл болж захууд шахагдаж байгаа юм биш ээ. Олон улсад ийм жишээ түгээмэл байдаг. Хятадын уламжлалт захууд супермаркетууд болон “e-commerce” буюу онлайн худалдааныхантай хийсэн өрсөлдөөнд ялагдсан.
Хятадад уламжлалт захууд хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангадаг байсан ч Alibaba, JD.com зэрэг платформууд гарч ирснээр онлайн худалдаа, хүргэлттэй хосолсон цогц үйлчилгээнд цохигдсон гэдэг. Хотуудад уламжлалт захуудын үүрэг буурч, хэрэглэгчид худалдан авалтаа хүссэн үедээ хүссэн газраасаа хийж, дуртай цагтаа хүргүүлж авдаг болсон. Энэ өрсөлдөөн дунд торойж үлдсэн ганц сегмент нь түүхий бүтээгдэхүүний захууд байв. Шинэхэн ногоо, жимс, далайн гаралтай бүтээгдэхүүн, махны худалдааны лангуунууд л зах дээр байр сууриа хадгалж үлджээ.
Өмнөд Солонгосын уламжлалт зах ч “hypermarket”-д зайгаа тавьж өгч, өнөөх л мах, ногоо жимснийхэн торойж үлдэв. E-Mart, Lotte Mart хэмээх томоохон сүлжээ дэлгүүрүүд хэрэглэгчдийг маркетингийн аргаар татах болсноор захуудын борлуулалт буурав. Үүнээс үүдэн төрөөс жижиг худалдаачдыг хамгаалах, өрсөлдөөнийг тэнцвэржүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлого хэрэгжүүлсэн нь бий. Тодруулбал, “hypermarket”-уудыг сард 2 удаа заавал “амрах”, шөнийн цагаар ажиллахыг нь хязгаарласан. Ингэснээр хэрэглэгчдийг уламжлалт захаар үйлчлүүлэх урсгалыг бий болгож жижиг бизнесийн орлогыг хамгаалахыг оролджээ.
Нэмээд том сүлжээ дэлгүүрүүдийг захын ойролцоо шинэ салбар нээхийг хязгаарласан. Захуудыг шинэчлэх тусгай хууль хүртэл баталж, дэд бүтэц, засвар, орчныг сайжруулахад санхүүжилт олгосон ч амжилт олсонгүй. Хэрэглэгчдийн зан төлвийг төрөөс удирдах боломжгүй байсаар зарим зах хаагджээ. Гэхдээ энэ бүхний дунд соёл, аялал жуулчлалын нэг шинэ хэлбэр хөгжсөн нь далайн бүтээгдэхүүний захууд хэрэглэгчид, жуулчдыг “Food street” хэлбэрт шилжин татаж чаджээ. БНСУ-ын туулсан энэ жишээ захуудыг бүрэн хамгаалж чадаагүй ч уналтыг нь удаашруулж, шинэ хэлбэрт шилжихэд тусалсан гэдэг.
Манай улсын хэрэглэгчдийн хувьд бусад улсын хэрэглэгчдээс тэс өөр зан төлөвтэй, онц гойд байдаггүй. Онцлох зүйл нь зарим бизнесийн өөрчлөлт дэлхийн жишгээс жаахан хоцорч нэвтэрдэг нь газарзүйн байрлалтай холбоотой гэхэд хилсдэхгүй.
Сүлжээ супермаркет болон жижиг хүнсний дэлгүүрүүд хэрэглэгчдийг илүү татах болсон хэд хэдэн ойлгомжтой шалтгаан бий.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 14 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2026 оны 4-р сарын 27-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 3 нэрийн барааны үнэ буурсан, 10 нэрийн барааны үнэ өсжээ.
Нийслэлийн статистикийн газар 2026.04.27
Үнийн зөрүү их биш. Байрны доодох дэлгүүрт сүү, ус, ундаа, талх нарийн боовны үйлдвэрүүд гэрээгээр бүтээгдэхүүнээ нийлүүлж, өөрсдөө хүргэж ирдэг учраас үнийн нэмэгдэл захаас их биш. Зарим тохиолдолд үйлдвэрийн үнээр борлуулах нь бий. Нэмээд үнийн ил тод байдал нэн чухал. Авсан олон барааных нь аль нь хэдэн төгрөг байсных мэдэх боломж захаас хийсэн худалдан авалтад тэр бүр ойлгомжтой байдаггүй. Тоочиж авсан барааны үнийг тооны машинаар нэгтгэж хэлсэн нэг л үнийн дүнтэй үлдэх нь эргэлзээ, үл итгэл төрүүлдэг гэдгийг дурдах хүмүүс цөөнгүй. Талон дээрх дүн лангуун дээрхтэй зөрөхөөс бусдаар үнийн зөрүү үүсэх асуудал супермаркетийн худалдан авалтад байдаггүй. Энэ нь өөрөө хэрэглэгчдэд итгэл төрүүлдэг жижиг хэрнээ хүчтэй хүчин зүйл болдог. Нөгөө талд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч буюу импортлогчид ижил барааг тоо хэмжээнээс шалтгаалсан бөөний үнээр ихээр нийлүүлэх хүсэлтэй байдаг нь захын борлуулалтад нөлөөлөх нь бий. Захын жижиг лангуу тэднээс цөөн тооны бараа авахад нэгжийн өртөг өндөр байдаг бол супермаркетууд их хэмжээгээр хямд өртгөөр татдаг. Эндээс ижил төрлийн бараа зах дээр өндөр үнэтэй болох нөхцөл бүрддэг тохиолдол бас бий.
Мөн захын ихэнх бараа бөөний төвөөс дамжуулагч руу, тэндээсээ жижиглэн худалдаалагчид руу гэхчлэн олон шат дамждаг. Супермаркет үйлдвэрээс шууд гэрээтээр авдаг. Тэгэхээр шат бүр дээр нэмэгдэх ашгийн хувь эцсийн үнэ өсөхөд нөлөөлдөг асуудал энд бага гэсэн үг.
“Атар” талхны үнэ
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2700-3200 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 2700 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3200 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна.
Нийслэлийн статистикийн газар 2026.04.27
Орчин, нөхцөл захаас илүү. Лангууны цаана өрсөн түмэн янзын бараа бүтээгдэхүүний тоосонд дарагдаж, өрж давхарласан эмх замбараагүй байдал ямар ч хэрэглэгчид таатай санагддаггүй. Хадгалалтын нөхцөл алдагдсан, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, хайрцаг савны бүрэн бүтэн бус байдал эргэлзээ төрүүлнэ. Харин супермаркетийн лангуунуудаас өөрийн үзэмж, хүслээр, ижил нэр төрлийн бараанаас дураараа сонгож авах боломжтойн дээр үйлдвэрлэсэн хугацаа, бүрэн бүтэн байдлыг нь ч шүүж авах сонголт чөлөөтэй байдаг нь энгийн хэрнээ чухал хүчин зүйл. Мэдээж захын байршил, цэвэрлэгээ гэхчлэн жижиг хүчин зүйлсийн нөлөөг ч дурдах хэрэгтэй.
Буцаан олголт, бонус онооны урамшуулал. НӨАТ-ын буцаан олголт, нэмээд дэлгүүрийн бонус онооны урамшуулал, урамшуулалтай худалдан авалт гэхчлэн захуудад байхгүй нэмэлт боломжийг супермаркетууд хэрэглэгчдэд олгодог. Ижил төрлийн бизнес эрхэлдэг хэрнээ нэг нь татвар төлж, нөгөө нь далд эдийн засгийг бий болгож буй нь өөрөө улсын эдийн засагт ч сөрөг нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Бонус оноогоо худалдан авалтаасаа хасуулах, 1+1 урамшуулалт худалдааны үр нөлөө маркетингийн хамгийн үр дүнтэй ажлуудын нэг бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлдэг гэдэгтэй маргах хүн цөөн биз.
Итгэлцэл хийгээд буцаалт, санал гомдол. Хугацаа нь дуусаагүй ч чанар нь буурч муудсан бүтээгдэхүүн, гашилсан сүүг буцааж авдаг зах, худалдааны төвүүд хэр олон бэ? Худалдан авалтын талон нь байвал, камер шүүгээд ч болов буцаалт хийж, эсвэл бараа бүтээгдэхүүнээ солиулах нь өөрөө хэрэглэгчдийн сэтгэл ханамж, ахин дахин үйлчлүүлэхэд эергээр нөлөөлдөг.
Захаас авсан хуйлж хөлдөөсөн махан дунд хийсэн хальс, эсвэл монгол хятад төмсөө хольж хийдэг заль, жин хэмжүүрийн луйвар гэхчлэн захынхны гол “алдаа” болсон хэрэглэгчдийн эргэх холбоог үл тоомсорлодог байдал итгэлцлийг сулруулдаг. Тэгтэл нөгөө талд супермаркет ажиллуулагчид бараа бүтээгдэхүүнийхээ эргэлт, буцаалтыг тооцоолж буцаалт болон чанартаа нягт анхаардаг. Нэмээд бусдаасаа хямд байх замаар худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх байдлаар ашиг олоход илүү төвлөрдөг болжээ. Компанид тавих шаардлага нь ч хэрэглэгчдийн өнцөг давхар нөлөөлж, бүтээгдэхүүний чанар стандартад супермаркетууд анхаардаг. Захынхны анхаарал энэ тал дээр хангалтгүй байх нь элбэг.
Дээр дурдсан давуу, сул талуудыг дэнслэхэд хэрэглэгч зөвхөн үнэ бус, нийт үнэ цэн, тав тух, итгэлцлийг ч харгалзан сонголтоо хийдэг нь тодорхой болж байна. Тиймдээ ч томоохон зах, худалдааны төвүүдийн борлуулалт буурч буй нь зах зээлийн өрсөлдөөний шинэ нөхцөлд уламжлалт захууд дасан зохицож чадахгүй, эсвэл хүсэхгүй, магадгүй ойлгохгүй байгаатай холбоотой асуудал юм.
Махны дундаж үнэ
2026 оны 04-р сарын 27-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.25 хувиар буюу 63 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.73 хувиар буюу 188 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.62 хувиар буюу 1300 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.93 хувиар буюу 988 төгрөгөөр өсжээ. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 18017 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23.4 хувиар буюу 3667 төгрөгөөр өссөн байна.
Нийслэлийн статистикийн газар 2026.04.27
Манай улсын хувьд уламжлалт захууд орчин нөхцөлөө сайжруулах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн явцад нийлүүлэгч талаас үнийн шударга байдлыг шаардах буюу супермаркетад нийлүүлэгдэж буйтай ижил үнээр авах эрхээ ч эдлэх хэрэгтэй. Ингэхийн тулд зах зээлийн судалгааг өөрсдийн боломжоороо хийх гэхчлэн хичээл зүтгэл шаардсан алхмууд хийх хэрэгтэй байгаа юм.
Хятад, Өмнөд Солонгосын жишээ шиг манайд ч шинэхэн мах, ногооны худалдаа захуудын үлдэх ганц боломж байх. “Хүчит шонхор”-ын мах, “Барс”- ын жимс ногоо үргэлж хямд байдаг жишгээ хадгалж чадвал шүү дээ. Гэхдээ ариун цэвэрийн асуудал, шударга бус худалдаатай хэвээр байвал эрсдэл ойрхон байгаа билээ.