
Вандализм хэмээх энэ нэр томьёо нь мэ 455 онд ромыг дээрэмдсэн герман угсааны вандалчууд (vandals) овгоос үүсэлтэй.
Хожуу үеийн Европын түүх бичлэгт тэднийг “соёл сүйтгэгч” мэтээр дүрслэн “утгагүйгээр эвдэгч хүн” гэсэн утгаар үзэсгэлэнтэй зүйлсийг сүйтгэх үйлдлийг тодорхойлоход хэрэглэж эхэлжээ. Тэдний үйлдэл өдгөө бусдын эсвэл нийтийн өмчийг санаатайгаар эсвэл мэдлэггүйгээр устгах, гэмтээх, эвдэж сүйтгэдэг “сүйтгэгч”-ийг тодорхойлдог нэршил болжээ. Вандализм нь зөвхөн санхүүгийн хохирол учруулаад зогсохгүй, орон нутгийн амьдралын чанарыг доройтуулж, тухайн бүс нутгийг аюултай мэт мэдрэмж төрүүлэхүйц болгон, түүх, соёл, урлагийг гутаан доромжилдог.
Хөгжин дэвшиж буй Улаанбаатар хот түүхээсээ, гоо зүйгээсээ, анхны төлөвлөлтийн ансамблиа алдаж, алга дарам газарт шавсан цементэн ширэнгэ болжээ. Азийн цагаан дагина гэх магтуугаасаа салж, арчаагүй айл шиг хөглөрч буй нийслэл дэх “Монгол маягийн вандализм”-ийн хохирогч нь Улаанбаатар хот, нийслэлчүүд бид. Улсын түүх, дурсгалыг дотроо хадгалж, өөрийн түүхийг архитектураараа харуулан сүндэрлэдэг асан музейн барилгуудын оронд бусад улсын барилгыг хуулан барьсан хүйт даасан байшин баригдаж, хүүхэд нас, залуу үеийн дурсамж хадгалсан гудамж талбайн оронд шороонд дарагдсан шилэн сууц боссон нь монгол маягийн вандализмын энгийн жишээ. Монгол маягийн вандализм зөвхөн барилга байгууламжийг нураахаар хязгаарлагдахгүй. Сэлбэ гүүрний чулуун арслан (1801-1899)-г жил бүр өөр өнгөөр будахаас эхлээд ханын чимэглэл, мозайкан чимэглэлийг хуулах, ханын зургийг дарж будах, хөшөө дурсгалыг нурааж, шилжүүлэх, хаа нэгтээ хашаанд тавиад мартах гэхчлэн олон хэлбэрээр явагддаг.

Сүүлд Улаанбаатар хотын анхны орон сууц гэгддэг 61-р байрны хананд байрлаж байсан Уран бүтээлч Ш.Галсандорж нийгмийн сэргэлт, шинэ гарааг бэлгэдэн урласан “Цагаан морин жилийн гараа” мозайк буюу өнгийн шигтгэмэлийг барилгыг нь нураах болсонтой холбоотойгоор хуулсан. Хадгална гэж албаны хүн тайлбарласан. Уг мозайкан урлал Монгол Улсын сүүлчийн мозайк төрлийн бүтээл төдийгүй Ардчиллын анхны түүхэн биет дурсгал байлаа.
Дэлхийн хотууд бүгд өөрсдийн гэсэн шалгуурыг давж, түүхээ бүтээж, сөнөөж, хадгалж ирсэн байдаг. Түүхэн дурсгалыг “сөнөөж” шинээр тэс өөр зүйл “бүтээх” нь хөгжил биш гэдгийг ойлгосон нь харин тэдний нийтлэг ололт байв. БНСУ-ын Сөүл Иксон дүүргийн уламжлалт сууцны бүс, БНХАУ-ын Бээжин хотын баруун дүүргийн Фүчэнмэнь гудамжинд Байтасы буюу Цагаан суварга сүмийн бүсийн шинэчлэлийг жишээлэн дурдаж болно. Хот шинэчлэлтийн үйл явцын дагуу Цагаан суварга сүмийг тойрсон хуучин гудамж хорооллыг засварлан шинэчилсний дүнд улам эмх цэгцтэй болгосон ч орчин үеийн шилэн барилгаар солих бус түүхэн хотын бүтэц хадгалан цэвэр цэмцгэр байдал, арчилгааг түлхүү хийжээ. Үр дүнд нь түүхэн дурсгал, иргэдийн амьдрах орчин хэвээр үлдээд зогсохгүй өдөр тутмын амьдрал нь илүү хүчтэй болж, хуучны дэлгүүрүүдийн орлого нь цэцэглэж эхэлжээ.
Соёлын өв гэдэг зүйл тэр дундаа биет соёлын өв бол түүхэн барилга байгууламж гэдгийг нүүдэлчин сэтгэлгээтэй холбох бус ашиг сонирхлын зөрчил, хэт шинийг шүтсэн мэдлэггүйн вандализм гэвэл тохирно.
Дархан Б.Маргад-Эрдэнэ
УДЭТ-ын барилга, өмнөх талбайд байрлуулсан самбарын талаар ярихаас өмнө зохицлын талаар ярих болно. Гоо зүйд зохицол гэж ойлголт байдаг. Сонгодог барилга, сурталчилгааны самбар хоёр нэг дор байх нь зохицол огт биш юм байна. Онолдоо ч тийм байна. Очоод харахад ч ойлгомжтой байна. Соёл урлагийн орчинг сурталчилгааны талбар битгий болгооч.
Улаанбаатар хотын үе, үеийн дарга нар хотынхоо соёлын биет өв, таних тэмдгийг буулгаж ирснээс хамгаалж, хадгалж ирсэн түүх ховор. Нисэхийн Цагаан хаалга, Хэвлэх үйлдвэр, Байгалийн түүхийн музей, Улсын цирк, Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэг гэхчлэн устаж үгүй болсон барилга, байгууламжуудын уртаас урт жагсаалт бий.
Нэгэн жишээ. Чойжин ламын сүм музейн засварын ажил ч вандализмын жишээ болсон. Хуучны хөх тоосгон хашааг нь засварлах нэрээр буулгаж, шүүмжлэлд өртөхдөө эргүүлэн додомсон нь 2011-2013 оны явдал.
Нэгэн жишээ. Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн хоёр жил дамнан сунжирсан засварын ажил дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах байв. Харамсалтай нь Богдын ордны дээврийг буулгасан ч эргэж босгож чадахгүй байсан асуудал иргэд олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Алх хадаас төдийхнөөр барилга барьдаг мэтээр бодсоныг нь хийцлэлийн онцлог нь ийнхүү өөрөө илчилж орхисон. Бүтээх бус сөнөөхийн жишээг харуулсан “Энэржин” гэх компани “Чойжин ламын сүм” музейг сэргээн засварлах ажил, “Ядамын сүм”- ийг сэргээн засварлах ажлыг мөн “авсан” ч дуусгах гэж зовсон. “Бид туршлагагүй, багын ажиллагаа дутмаг байснаас үүдэж сэргээн засварлалтын ажилд алдаа гаргасан. Одоо түүнийгээ засаж байгаа” гэж хэлэхдээ ч “Энэржин” компанийн захирал Д.Тулга харамссан шинжгүй байсан нь хэвлэл мэдээллийн дүрст үлджээ.
Улаанбаатар хотын төлөвлөлт үндэсний хэв маягтай, уламжлал шинэчлэлийг хослуулсан байдлаар хийгдсэн гэдгийг архитекторчид, түүхчид, судлаачид хэлж, ярьж, сурталчилсаар ирсэн ч эрх мэдэлтнүүдийн тэнэглэл, шуналын өмнө хүчин мөхөстөж байна. Монголчууд хот байгуулахдаа урд зүгийг эрхэмлэдэг байсан үзлийг социализмын үед өрнөсөн бүтээн байгуулалтад ч шингээн орчин үеийн Улаанбаатар хотыг байгуулахдаа хүртэл энэ уламжлалт үзэл санааг хотдоо шингээж төв талбай болон түүний өмнөх нээлттэй орон зайг бий болгосон гэдэг. Нүүдэлчид учраас хот байгуулах мэдлэггүй хэмээн шүүмжлэгчид дотооддоо олон байдаг ч үнэндээ монголчууд бид 2000 гаруй жилийн хот байгуулалтын түүхтэй. Ингэхдээ өөрсдийн үнэ цэн, ертөнцийг үзэх үзэл, амьдрахуйн онцлогоо хот байгуулалтдаа шингээж чаддаг арга ухаантай.
Доктор, хот төлөвлөлтийн мэргэшсэн архитектор Б.Ариунжаргалан
Социализмын үед баригдсан барилга байгууламжийг заримдаа Оросын аль нэг хотын барилгын загварыг хуулсан, хуучирсан шавар тоосгон амбаар мэтээр харах хандлага байдаг. Гэхдээ нөгөө талаас нь харвал тэр үед бид орчин үеийн хот байгуулалтын ойлголтыг анх удаа нутагшуулж, архитектур, дэд бүтэц, нийтийн орон зай, хотын зохион байгуулалтын системийг бий болгож эхэлсний үр бүтээл. Тиймээс энэ үеийн барилга байгууламжууд ч мөн манай хотын хөгжлийн түүхийн нэг хэсэг юм. Эдгээр түүхэн давхаргууд оршиж байгаа учраас Улаанбаатар хот илүү өнгөлөг, түүхээр баялаг, нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлогийг илэрхийлсэн өвөрмөц хот болж харагдах боломжтой.
Монголчуудын байгуулсан эсвэл Монголын эзэнт гүрэнтэй холбоотой олон хот бий. Зарим нь шууд монголчуудын байгуулсан нийслэл хотууд, зарим нь Монголын эзэнт гүрний үед хөгжсөн захиргаа, худалдааны төвүүд байж. Чингис хааны дараах үед Монголын эзэнт гүрний нийслэл болсон Хархорум хотыг олон шашин, олон үндэстэн зэрэгцэн оршиж байсан космополитан хот байсан гэж түүхчид үнэлдэг. Марко Пологийн тэмдэглэлд гардаг алдарт “Xanadu” буюу Хубилай хааны зуны нийслэл Шанду хотыг ч нэрлэж болно.

Хубилай хааны байгуулсан Юань улсын нийслэл Дайдуг өнөөгийн Бээжингийн суурь болсон гэдэг. Дайду хотыг чамбай төлөвлөлттэй эзэнт гүрний төв байсныг түүхэн сурвалжууд нотлодог. Монголчуудын эзэнт гүрний үед хөгжсөн Сарай, Сарай Бэркэ буюу Шинэ Сарай, Кашгар, Табриз гэхчлэн дурдаж болно. Үнэндээ монголчууд бидний онцлог, түүхэн, уламжлалт үзэл санаа “хот байгуулалт”-аас хүртэл харагдаж байж, харагдах ч ёстой биз.
Хотын амин сүнсийг, гоо сайхныг, уламжлал шинэчлэлийн үнэ цэнийг, ямар түүхийг туулж өнөөдрөөс маргааш хүрэхийг, цаашилбал Монгол Улсын хөгжлийг өндөр шилэн барилгаар хэмждэг баймааргүй байна. Дурсамж бүтээх орон зайтай, сэтгэл жаргаах гоо зүйтэй, түүхээ илтгэх дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, арчилж тордож үлдээхэд нурааж, шинээр барьснаас бага хөрөнгө шаардагдана. Хууль тогтоомжоор хамгаалалтын бүс тогтоон, улсын хамгаалалтад авсан байдаг ч хуулиас давсан эрх мэдэл, хүчингүй болсон тогтоолын нэр барьж асуудлыг шийдсэн жишээ ч бий
Соёлын төв өргөөний их засвар шинэчлэлийн ажил хэрхэх бол? Гандангийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгох төлөвлөгөө хотын даргын ярьж буй шиг байх уу гэдэг нь ч эргэлзээтэй.
Хотын түүх судлаач Г.Очбаяр
2001 оны Засгийн газрын 96 дугаар тогтоолоор Гандангийн бүсийг Тасганы овоо болон Гэсэр сүмтэй хамт 58 га талбайд хамгаалалтын бүс тогтоосон байдаг. Соёлын өвийг хамгаалах хуулиар хамгаалалтын бүс тогтоосон бол дурсгалт газар хэмээн үзнэ. Анхны дүр төрхийг нь өөрчлөхгүйгээр ашиглана хэмээн хуульд маш тодорхой заасан байгаа. Гандангийн суурьшлын бүсийг устгаад цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдэг бол анхны түүхэн дүр төрхийг нь устгах гэж байгаагаас өөрцгүй. Нөгөө талаас Гандантэгчэнлин хийд болон дэнжийг анх суурьшлын бүстэй нь хамт V Богд Жавзандамба хутагт 1838 онд байгуулсан. Гэтэл өнөөдөр бид X Богдын үед амьдарч байна. V Богдын байгуулсан Гандангийн суурьшлын бүсийг Х Богдоос асуухгүйгээр шийдэж болохгүй. Энэ асуудлыг X Богд шийдэх ёстой. Гэтэл X Богд хараахан насанд хүрээгүй байгаа учраас насанд хүртэл нь хүлээх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол Богдын байгуулсан түүхэн бүтэц, Богдын өв гэсэн үг. Богдын оролцоо, шийдвэрийг харгалзахгүйгээр хэн нэгэн дарга гарч ирээд “Би энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоно” гэж хэлж болохгүй. Хуулиараа ч, өв соёлоо бодсон ч ийм асуудал гаргаж болохгүй.