
Умард Солонгосын гадаадад ажиллах хөтөлбөр нь удирдагч Ким Жон Уны “хууль бус” цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлж байна гэж хөгжингүй орнуудын олон талт хоригийн хэрэгжилтийг хянадаг байгууллага мэдээлжээ.
Умард Солонгос гадаадад ажиллах ажилчдын дэлхий даяарх сүлжээг ашиглан “НҮБ-ын хориг арга хэмжээг тойрч гарч” байна гэж Олон талт хоригийн хяналтын баг (MSMT) тайландаа дурдсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Умард Солонгосын ажилчдыг эх оронд нь буцаахыг шаарддаг ч дор хаяж 17 улс тус тогтоолыг зөрчин нийт 35600 - 101 280 орчим Умард Солонгосын ажилчныг нутаг дэвсгэртээ ажиллуулсаар байгааг тайланд онцолжээ.
MSMT буюу Олон талт хоригийн хяналтын баг нь Умард Солонгосын НҮБ-ын хориг арга хэмжээг тойрч гарах хүчин чармайлт эрчимжсэнтэй холбоотойгоор хяналт тавих зорилгоор 2024 онд байгуулагдсан хөгжингүй орнуудын эвсэл юм.
Умард Солонгосын гадаадад ажиллаж буй ажилчид засгийн газрын тэргүүлэх зорилтууд, тэр дундаа хууль ёсны болон хууль бус импорт, үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглагдах хөрөнгө бүрдүүлэхэд тусалж байна гэдгийг Олон талт хоригийн хяналтын баг мэдээлэв.
“2025 онд Умард Солонгосын гадаадад ажиллаж буй ажилчид тус улсын засгийн газарт нийтдээ 450-800 сая ам.долларын орлого хууль бусаар бүрдүүлсэн байна. Эдгээр хөрөнгийн дийлэнхийг гадаадад ажиллаж буй Умард Солонгосын мэдээллийн технологийн ажилтнууд олсон гэж тооцож байна” хэмээн The Independent-д нийтэлсэн тайланд дурджээ.
2017 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл НҮБ-ын гишүүн орнууд өөрийн нутаг дэвсгэрт Умард Солонгосын иргэдэд орлого олох боломж олгохыг хориглосон. Улмаар ийм байдлаар орлого олж буй бүх Умард Солонгосын иргэнийг 2019 он гэхэд нутагт нь буцаахыг улс орнуудаас шаардсан.
2019 онд тогтоосон буцаан татах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш дэлхийн 38 орчим улс Умард Солонгосын ажилчдыг нутаг дэвсгэртээ ажиллуулсаар байна.
Төрийн ивээл дор хэрэгждэг уг хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж буй Умард Солонгосын ажилчид олсон мөнгөө эх орон руугаа шилжүүлэх үүрэгтэй. Тэдний дийлэнх нь Хятадад ажилладаг бөгөөд тэдний тоо 20 000-70 000 орчим гэж тооцогддог. Харин ОХУ хоёр дахь том ажил олгогч болж Украинтай дайн хийж буй тус улсад 15 000-30 000 орчим Умард Солонгосын ажилчин бий.
Хятад улс Умард Солонгосын хууль бус ажилчдыг нутаг дэвсгэртээ ажиллуулдаг гэх буруутгалыг няцаасаар ирсэн боловч хүний эрхийн байгууллагууд болон хийсэн шалгалт, судалгаануудаар олон мянган Умард Солонгосын иргэн Хятадын үйлдвэр, үйлдвэрлэлийн байгууламж, загас агнуурын флотод ажиллаж байгаа нь илэрсэн.
“Азийн орнуудад ажиллаж буй ажилчид голчлон мэдээллийн технологи, үйлдвэрлэл, барилгын салбарт төвлөрдөг бол Африкт ажиллаж буй хүмүүс ихэвчлэн эмнэлгийн болон барилгын салбарт хөдөлмөрлөж байна” гэдгийг тайланд дурджээ.
Үүний зэрэгцээ Умард Солонгос гадаадад ажиллаж буй иргэдийнхээ цалингийн ойролцоогоор 80-90 хувийг хураан авдаг төдийгүй тэд урт цагаар, мөлжлөгийн нөхцөлд ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ бараг авдаггүй аж. “Зарим тохиолдолд хураан авсан мөнгө нь тэдний бодитоор олсон орлогоос давж, улмаар гадаадад ажиллаж буй Умард Солонгосын ажилчид БНАСАУ-ын засгийн газарт өртэй болдог” гэж тайланд нэмж дурджээ.
Харин ОХУ-д Пёньян улам олон иргэнээ ажиллуулахаар илгээж байгаатай холбоотойгоор Умард Солонгосын ажилчдыг “халхавчлах” зорилгоор оюутны визийн тогтолцоо бий болгосон гэх мэдээллүүд бий.
ОХУ болон Умард Солонгос цэргийн болон батлан хамгаалахын салбарт байгуулсан хэлэлцээрүүдээр харилцаагаа улам өргөжүүлсэн ч Умард Солонгосын олон иргэн ОХУ-д барилгын талбайд мөн ажиллаж байна.
The Independent энэ оны эхээр төрийн ивээл дор хэрэгждэг албадан хөдөлмөрийн хөтөлбөрөөр ОХУ-д илгээгдсэн Умард Солонгосын ажилчид жилд ердөө нэг удаа шүршүүрт орох боломжтой, “мал адгууснаас ч дор” нөхцөлд амьдарч байсан талаар мэдээлсэн. Энэ талаар Гаагт төвтэй олон улсын эрх зүйн Global Rights Compliance байгууллагын мөрдөн шалгалтын үеэр ажилчдаас авсан мэдүүлэгт үндэслэжээ.
Ажилчдын өгсөн анхны эх сурвалжийн мэдүүлгүүдээс харахад тэднийг дарамт шахалт, хүчирхийлэл, албадлагад тулгуурласан хатуу хяналтын тогтолцоонд байлгаж байсан аж.
Австрали, Канад, Франц, Герман, Итали, Япон, Нидерланд, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Их Британи болон АНУ нь он талт хоригийн хяналтын багийн гишүүн орнуудын тоонд багтдаг.