
Японы нийт хүн ам, гадаадын иргэдийг оролцуулан тооцоход 2025 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 122.9 сая байжээ. Энэ нь таван жилийн өмнөхөөс 3.17 сая хүн буюу 2.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг тус улсын Дотоод хэргийн яамнаас мягмар гарагт нийтэлсэн хүн амын тооллогын мэдээлэл харууллаа.
1920 оноос хойш таван жил тутам явуулж ирсэн хүн амын тооллогоор Японы хүн ам гурав дахь удаагаа дараалан буурсан дүнтэй гарлаа.
Япон иргэдийн тоо 3.5 хувиар буурч, 119.1 саяд хүрсэн байна. 2020 оны тооллогоор япон иргэдийн тоо 1.4 хувиар буурч байжээ. Харин гадаадын иргэдийн тоо 39.8 хувиар өсөж, түүхэн дээд үзүүлэлт болох 3.84 саяд хүрсэн байна.
Гадаадын иргэдийн дунд БНХАУ-ын иргэд хамгийн өндөр буюу 24 хувийг эзэлсэн бол Вьетнамын иргэд 15.9 хувь, Өмнөд болон Умард Солонгосын иргэд 10.4 хувийг тус тус эзэлжээ. Өмнөх тооллогоор Өмнөд болон Умард Солонгосын иргэд нийт гадаадын иргэдийн 15.8 хувийг эзэлж байсан нь Вьетнамын иргэдийн 13.9 хувийн үзүүлэлтээс өндөр байв.
Японы нийт хүн амын 59.7 сая нь эрэгтэй, 63.2 сая нь эмэгтэй бол 65 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь 28.5 хувиас 29.4 хувь болж өсжээ.
Тус улсын 47 муж, нийслэлээс зөвхөн Токио хүн амын өсөлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч Токиогийн хүн амын өсөлт өмнөх тооллогынхоос бага байжээ. Сайтама, Чиба, Канагава, Айчи, Шига, Фүкүока болон Окинава мужуудын хувьд хүн ам нь өмнө нь өсөж байсан бол энэ удаагийн тооллогоор буурсан байна. Үлдсэн 39 мужийн хүн амын бууралт өмнөхөөсөө ч нэмэгджээ.
Нийт өрхийн тоо 57.3 саяд хүрч, нэг өрхөд дунджаар 2.1 хүн ногдож байна. Энэ нь өмнөх тооллогын 2.21 хүн гэсэн үзүүлэлтээс мөн л буурсан үзүүлэлт аж. Ямагата мужид нэг өрхөд ногдох хүний тоо хамгийн өндөр буюу 2.41 байсан бол Токиод хамгийн бага буюу 1.85 байна.