
Швейцар улсын Фрибур хотноо энэ сарын 20-29-ны хооронд зохион байгуулагдах Фрибурын олон улсын кино наадамд найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” уран сайхны киног үзэгчдэд толилуулна.
Бүтээлийг 3 сарын 25, 28-ны өдрүүдэд үзэгчдэд хүргэхээр болжээ.
“Алдагдсан өдрүүд” уран сайхны кино нь "Кино урлагийг дэмжих сан"-гийн 2022 оны сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээлийн тодорхой хувьд санхүүжилт авсан юм.
Найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” киноноос хүүхдийн гэгээн ертөнц, дотоод хүсэл тэмүүлэл, өөрийгөө эрэлхийлэх сэтгэлийн дотоод чанарыг ч олж харна. Үүнээс гадна гэр бүлийн нандин харилцааны үнэ цэнийг зохиолын үйл явдлын эцэст нээн үзүүлэх билээ.
Орчин үед хүүхдийн сэдэвтэй, тэдний хүсэл тэмүүллийн хайртай амьтантай нь нэгтгэн харуулсан, ерөөс мөрөөдлийнхөө зүгт хэрхэн нисэх тухай асуултын хариуг дүрийн дотоодоос нэхсэн ийм кино олон хийгдээгүй болов уу гэж санана. Магадгүй постерын зурагнаас харахад гол дүр нь нохойд хайртай хүү харагдаж магадгүй. Гэвч түүнээс илүүтэй ямар асуудал уг кинонд хөндөгдөхөд илүү анхаарал хандуулсан нь зөв байх.