
Хакерууд Францын олон зуун супермаркетын хөргөгч, хөлдөөгчийн температурыг Цельсийн 50 хэм (Фаренгейтийн 122 хэм) хүртэл нэмэгдүүлснээр гал түймэр гарч, хүнсний бүтээгдэхүүн муудсан байна.
Парисын прокурорын газраас мэдээлснээр, Францын хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хөргөгчийн системд холбогдсон төхөөрөмжүүдийг онилсон “өргөн хүрээний” кибер халдлага гарчээ.
Ерөнхий сайд Себастьян Лекорню Францын Кибер аюулгүй байдлын үндэсний агентлагт (ANSSI) уг хэргийг шалгах үүрэг өгсөн байна.
Мөн бусад улс орон халдлагад өртсөн байж болзошгүй тул Франц улс Европын холбоотон орнуудтай хамтран ажиллаж, дотоодын бусад компаниуд эрсдэлд орсон эсэхийг эрх баригчид үнэлж байгааг эх сурвалж мэдэгдлээ.
Кибер аюулын мэдээлэл, судалгааны чиглэлээр ажилладаг “Sekoia Threat Detection and Research” компанийн ахлах шинжээч Феликс Эме Испани, Португал, Польш, Герман, Бельги улсууд мөн халдлагад өртсөн гэж мэдэгдэв.
“Карфур” (Carrefour) сүлжээ дэлгүүрийн мэдээлснээр, тус компанийн 80 салбар, Францад 490 орчим дэлгүүр ажиллуулдаг “Монопри” (Monoprix) сүлжээний салбаруудын таван хувь, “Интермарше” (Intermarché) сүлжээ дэлгүүрийн 150 орчим салбарын хөргөгчийн температурыг зургаан цагийн турш цельсийн 50 хэм хүртэл нэмэгдүүлжээ. Эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, халдлагад өртсөн бүх хүнсний бүтээгдэхүүнийг устгасан байна.