
Авлигатай тэмцэх газар 2026 оны хоёрдугаар сарын 9-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 40.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд газар олголт болон боловсролын салбарын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 8, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 117 гомдол, мэдээллийг хянан шалгаж, холбогдох зөрчлийг тогтоон албан бичиг хүргүүлжээ. Улмаар гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгаж, 11 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор байгууллагын хэмжээнд нийт 169 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Түүнчлэн, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 698 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.
Мөн эрүүгийн 933 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 915 хэрэг шалгагдаж байна. Мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.