АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны Нөөцийн сан лхагва гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, жилийн 4-4,25 хувь болголоо.

Энэ шийдвэр ихэнх шинжээч, эдийн засагчдын хүлээлтийг хангаж буй.

Холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлд шинээр багтсан Стивен Миранаас бусад албан тушаалтнууд бодлогын хүүг 25 нэгжээр бууруулахыг дэмжжээ. Дональд Трампын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Стивен Мираны хувьд хүүг 50 суурь нэгжээр бууруулах санал гаргаад байсан юм. Гэхдээ бодлогын хүүг энэ онд дахин хоёр удаа, ирэх онд нэг удаа бууруулах хүлээлт байгааг ХНС-ийн төлөөлөгч үгүйсгэсэнгүй.

Нэгдсэн улсад инфляц зорилтот түвшин болох 2 хувиас ялимгүй давж, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн нь өнгөрсөн оноос хойш анх удаа бодлогын хүүг бууруулах шалтгаан болжээ.