
Португалын аялал жуулчлалын алдартай бүс Алгарве мужид ням гарагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Одоогоор хүний амь нас эрсэдсэн, ноцтой хохирол учирсан тухай мэдээлэл гараагүй байна.
Португалын Тэнгис, агаар мандлын хүрээлэнгийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 07:59 цагт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Лагуш болон Портиман хотуудад мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн голомт нь Атлантын далайд, Сан-Висентийн хошуунаас ойролцоогоор 70 км-ийн зайд байрлаж байсан аж.
Португал, ялангуяа нийслэл Лиссабон орчмын өмнөд бүс болон Азорын арлууд нь Евразийн болон Африкийн тектоникийн хавтангуудын заагт оршдог тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тус бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил харьцангуй бага байсан.
Португал улс түүхэндээ хэд хэдэн томоохон газар хөдлөлтийг туулж байжээ. Тухайлбал, 1755 онд Лиссабонд болсон хүчтэй газар хөдлөлт болон түүнийг дагасан цунамигийн улмаас 30000-40000 хүн амиа алдсан гэж үздэг. Энэ нь Европын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн гамшгуудын нэг болсон юм.
Мөн 1969 онд Сан-Висентийн хошууны ойролцоо төвтэй 7.9 магнитудын газар хөдлөлт болж, 13 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж байжээ. Энэ удаагийн газар хөдлөлт нь харьцангуй бага хүчтэй байсан бөгөөд эрх баригчид нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байна.