Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолж” гэх газарт энэ сарын 26-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр 14:09 цагт бүрэн унтраасан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 228 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 26-ны өдрийн 16:35 цагт хүлээн авчээ.
Түймрийг унтраах ажиллагаанд Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дорноговь, Өмнөговь аймгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, нийт 36 хүн, дөрвөн автомашинтай гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. 

Урьдчилсан тооцоогоор түймэрт 64.4 га талбай өртөн шатсан байна.