
Био комбинатын араар Шувуун фабрик чиглэлд карьерын хайрга зөөдөг байсан хуучин төмөр замыг сэргээн засварлаж Хөшигийн хөндийн төмөр замыг Толгойт өртөөтэй холбож байна. Уг төмөр замыг социализмын бүтээн байгуулалтаар буюу тухайн үеийн барилгын материалын үйлдвэрүүдийг хайргаар хангах зорилгоор барьж 2008 оны есдүгээр сар хүртэл ашиглаж байжээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү бүтээн байгуулалтын ажилтай өчигдөр танилцжээ. Тэрээр "Манай төмөр замчид Хөшигийн хөндийн төмөр замыг ашиглалтад оруулсан бол энэ удаад нүүрс тээвэрлэх төмөр замыг ашиглалтад оруулж байна. Энэ замын урт 18 км. Туулын гүүрний араас салаад Толгойт өртөө рүү нийлж байгаа. Энэ замыг маргааш (өнөөдөр) холбоно. Цахилгаан станцуудын нүүрсийг арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн энэ замаар тээвэрлэнэ" гэв.
Уг замаар цахилгаан станцуудын нүүрсийг зөөснөөр Улаанбаатар хотын төвөөр дайран өнгөрдөг төмөр замын ачааллыг бууруулж, өвлийн ид оргил ачааллын үед станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах давуу талтай гэж үзжээ.

