Стандарт бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа. Статистикийн сангаас хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой тоон мэдээллийг шүүрдэж үзвэл амьдралын чанар, стандартын тухай ярихаас өөр аргагүй болно. Нийтийн тээвэр, зам, барилга дээр жишээ авъя.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 12-оос дээш жилийн насжилттай автобусыг явуулахгүй гэсэн стандарт бий ч амьдрал дээр 75 хувь нь 10-аас дээш жилийн настай байгаа гэсэн судалгаа гарчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын 75 хувь нь стандартын шаардлага хангахгүй байгаа гэсэн үг. Нийслэлд бүртгэлтэй автомашинуудын 47.9 хувь нь 16-аас дээш жилийн насжилттай байгааг “Монголын дата клуб” ТББ-ын судалгаанд дурджээ. Насжилт өндөртэй нийтийн тээврийн автобуснууд осол аваар гаргах эрсдэл өндөр. Зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Энэ бол нийтийн тээврийн стандарт зөрчигдсөнөөс зорчигчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа нэг жишээ.
Барилга, орон сууцны стандарт алдагдсанаар Улаанбаатарын өнөөгийн олон хүндрэл, бэрхшээл бий болсон. Орон сууцны барилгын гадна орчинд автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай байх ёстой боловч үүнийг мөрддөггүй. Ийм стандартаар баригдсан 40, 50 мянгат, 3, 4 дүгээр хороолол гээд хуучны бүх орон сууцны хорооллын доторх ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилга бариад дүүргэчихсэн. Орон сууцнууд гаднахь орчны стандартыг мөрдөх нь байтугай галын машин орж гарах гарцгүй баригдах болсон. 2024 оны нэгдүгээр сард “Дүнжингарав” захын урд уулзварт хийн түлш тээвэрлэж явсан автомашин дэлбэрч гал гарахад тухайн орчны орон сууцнууд аюулгүй байдлын стандарт зөрчиж баригдсанаас болж галын машин орж чадалгүй хугацаа алдсан байдаг. Ийм тохиолдол олон гардаг.
ОБЕГ-ын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хамтран нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд гал унтраах автомашин зорчих боломжгүй хаалттай зам, мухар гудамжны судалгааг хийжээ. Судалгаагаар машин очих боломжгүй мухар гудамж, үерийн аманд буусан үерт автах магадлалтай, өндөр хүчдэлд буусан, машин эргэх боломжгүй, мухар үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газар буусан зэрэг нийт 396 байршлыг тодорхойлон гаргасан байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын 396 байршилд гал гарсан тохиолдолд галын машин орох ямар ч боломжгүй. Тэнд аюулгүй байдлын ямар ч стандартгүй.
“Амаар барьсан” замаар алхаж болдоггүй
Авто замын стандартаар бол хажуугаараа явган хүний болон дугуйн замтай, тусгаарлах зурвас буюу ногоон байгууламжтай, борооны ус зайлуулах сувагтай байх ёстой боловч энэ стандарт ихэнхдээ мартагддаг эсвэл монголчлогддог. Зуны улиралд жаахан бороо ороход хотын төвийн бүх зам усанд автдаг нь стандартад нийцсэн ус зайлуулах байгууламжгүйнх. Сүүлийн үед орон сууцны хороолол болон гэр хороолол дундуур тавьсан авто замууд явган хүний замгүй байгаа нь стандартгүй улсын л “стандарт” гэхээс өөр аргагүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган зам, гарц, дуут гэрлэн дохио, шат зэрэг стандарт дэд бүтцүүд Улаанбаатарт тун хангалтгүй. Хотын төвийн зарим гудамжинд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэх нарийн зам бий ч тэр нь стандарт шаардлага хангадаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад гүүрэн гарц хамгийн аюулгүйд тооцогддог. Гэтэл “Бөмбөгөр” худалдааны төв болон 220 мянгат, Зуун айл дахь гүүрэн гарцуудад хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц огт хийгээгүй ажээ. Уг нь манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн гурван ч стандарт батлагдсан байдаг юм билээ.
Нийслэлд “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж, “Ubike” унадаг дугуйн прокатын үйлчилгээг нэвтрүүлэхийг оролдож байсан боловч мөн л стандарт шаардлага бүрэн хангаагүйгээс амжилттай болоогүй. Явган хүний замыг будаад л дугуйн зам гэж нэрлэж байгаа нь жинхэнэ монгол стандарт. Хотын төвийн Их, Бага тойруу хавийн төр захиргааны байгууллагууд болон үйлчилгээний газруудын үүдэнд унадаг дугуйн зогсоолууд мэр сэр бий ч мөн л нэгдсэн стандартгүйгээс ашиглахад төвөгтэй эсвэл өнгө үзэмж тааруу. Сүүлийн жилүүдэд унадаг дугуйгаар зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад стандарт дугуйн замууд олноор барьж байгуулах шаардлага тулгарч буй. Нийслэл 90 орчим км дугуйн замтай гэдэг статистик бий. Гэтэл 2022 онд тавигдахаар төлөвлөгдсөн гэж мэдээлж байсан Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн зам лав сураггүй. Уг нь 2-2.5 метр өргөнтэй дугуйн замууд тавьж байгаа гэж тухайн үеийн хотын удирдлагууд мэдэгдэж байв. Ийнхүү амаар ярьж, цаасан дээр төлөвлөсөн замаар нь алхаж болдоггүй нь гачлантай. Тиймээс хотын түгжрэл бахь байдгаараа. Явган болон унадаг дугуйтай зорчигчид зориулалтын замгүй хэвээрээ. 2022 онд унадаг дугуйн замын стандартыг баталсан ч түүнийг баримталж тавьсан дугуйн зам хотын төвийн А бүс, Их, Бага тойрууд лав байхгүй. Туул голын дагуу, Үндэсний цэцэглэгт хүрээлэн зэрэг хэдхэн газарт тавьсан дугуйн зам стандартад дөхөж очих байх.
Унадаг дугуйтай холбоотой нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хоёр мэдэгдэл.
Нийтийн тээврээр зорчдог, алхдаг, дугуй унадаг хүмүүст мөнгөн урамшуулал олгодог болно.
2024.11.15
Нийслэлийн явган хүний замын уртыг одоо байгаагаас 9 дахин, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх бол авто замын сүлжээг 17 мянган км-ээр уртасгана.
2025.01.08

Статистик
Олон улсын стандартын байгууллага ISO нийт 24 мянган стандарт баталсан байдаг аж. Манай улсад нийт 6510 үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний 544 нь зам, тээврийн 5 салбарт мөрдөгдөж байгаа стандартууд юм. Авто замын салбарт 223 стандарт мөрдөгдөж байгаагийн 80 орчим хувь нь ХБНГУ, Их Британи, Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын стандартууд байна. Бусад салбараас авто тээврийн салбарт 143, төмөр замын салбарт 165, агаарын тээврийн салбарт 13 стандарт тус тус мөрдөгдөж байгаа аж. Эдгээр стандартыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулахаар эрх зүйн бичиг баримтыг боловсруулж байгаа юм.
2017 онд тухайн үед улсын хэмжээнд мөрдөгдөж байсан 6200 гаруй стандартыг шалгаж нягтлахад 300 гаруй стандарт нь шаардлага хангахгүй болохыг тогтоож байсан аж. Мөн 2000 гаруй стандартыг шинэчлэн сайжруулж олон улсын түвшинд хүргэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Нийгмийн хөгжлийг дагаж шинэ стандарт бий болох, өмнө мөрдөгдөж байсан стандартууд хэрэглээнээс гарах зэрэг нь хэвийн үзэгдэл. Манай улсын хувьд стандартуудынхаа тоог наанадаж 4-5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад 40-50 мянган стандарт мөрдөгддөг. Ингэж бүхий зүйл нь стандарттай байж улс орон хөгждөг байна.
Хотын стандарт
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, “хотын стандарт” гэсэн нэр томъёог тусгажээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд Хотын стандартыг боловсруулан, 2022-2023 онд НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан. Үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц”, “Үер, борооны усны байгууламж”, “Гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт”, “Нийгмийн дэд бүтэц”, “Бие даасан инженерийн дэд бүтэц”, “Дуу чимээний бохирдол” зэрэг бүх төрлийн стандартууд батлагдсан. Мөн цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлага батлагджээ.
Эдгээр стандарт нь хотын иргэд, оршин суугчдын ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь болно. Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, Унадаг дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавих ерөнхий шаардлага, Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавих ерөнхий шаардлага, Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага гэх мэтээр хотын 50 гаруй стандарт батлагдан мөрдөгдөж байна.
Евро стандарт
Австралийн зоогийн газар, баар, рестораны үйлчилгээний хэм хэмжээ, дүрэм горим, соёл нь Их Британийхтай яг ижил, Австрийнх Германыхтай адилхан, тэр бүү хэл Ази тивийн Солонгосын үйлчилгээний газрууд АНУ-ынхтай яв цав нийцэж байдаг нь Евро стандарт буюу Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээг мөрддөгийнх. Ийнхүү нэг стандарттай байхын давуу тал олон. Евро стандартыг нэвтрүүлсэн улс орнууд хоорондоо 7200 гаруй бараа, бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан солилцдог. Монгол Улс энэ даяаршсан сүлжээнд багтаж, гадаад худалдаагаа өргөжүүлэхийн тулд Евро стандартыг нутагшуулах шаардлага тулгарч буй. Европын холбоотой хамтран “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг 2014-2017 онд хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд Евро стандартаас хүнсний чиглэлийн стандарт, барилгын стандарт, төмөр замын чиглэлийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлж эхэлсэн. Манай улс хүнс, худалдааны салбарын нийт стандартын 90 хувийг евро норм болон олон улсын стандартад нийцүүлнэ, ингэснээр Европын Холбооны зах зээлд худалдааны тусгай хөнгөлөлттэйгөөр буюу татваргүй 7200 нэрийн бараа экспортлох боломж нэмэгдэнэ гэж тухайн үед мэдээлж байв. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн салбартаа төдийгүй төрийн захиргааны салбартаа ч Евро стандартыг нэвтрүүлэх бодлого барьж байгаа. Мөн авто замын салбарт евро стандартыг нэвтрүүлнэ, агаарын бохирдлыг бууруулахын тулд “Евро-5” стандартын бензин шатахуун худалдан борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ, барилгын салбарт 160 гаруй евро стандарт нэвтрүүлнэ гэх мэтээр ярьдаг.
Аз жаргалын стандарт
Стандарт бол дэлхий дахины нийтлэг хэл. Яг хөгжимтэй адил. Хүн бүхэн түүнийг ямар нэг орчуулгагүйгээр ойлгож, мэдэрч, хэрэглэдэг. Тиймээс дэлхий дахины энэ хэлээр ярихгүй бол хүн төрөлхтөнөөс тусгаарлагдана. Хөгжлөөс хоцорно. Монгол Улс Евро стандартыг нэвтрүүлэхээр зорьж байгаа нь дэлхийн хэлээр хүн төрөлхтөнтэй ярилцах гэснийх.
Дэлхийн ямар улс орнуудад хүмүүс хамгийн аз жаргалтай амьдардгийг тодорхойлдог “World Happiness Report-2025” судалгааны тайланг Финланд, Дани, Исланд, Швед улсууд тэргүүлжээ. Харин Монгол Улс Ямайка, Болив, Киргизстан, Доминиканы дараа 77 дугаарт бичигджээ. Дани, Финланд, Швед, Норвеги зэрэг улс орнууд аз жаргалын индекс, хүний хөгжлийн үзүүлэлт, амьдралын чанараараа дэлхийд тэргүүлдэг. Эдгээр улс оронд хүний аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан, амар тайван, тав тухтай, нийгмийн үйлчилгээ нь чанартай, хэвлэлийн эрх чөлөө хамгийн их хөгжсөн, авлигын индекс маш бага гээд дурдвал олон сайн үзүүлэлт бий. Энэ бүхэн олон хүчин зүйлийн үр дүн. Тэр дундаас сайн стандартыг онцлох ёстой. Европын нийгмийн загвар нь амьдралын өндөр стандарт, ажиллах сайн нөхцөлийг эдийн засгийн өсөлттэй хослуулсан нийгмийг төлөвшүүлэхэд чиглэгддэг. Тэр тусмаа Скандинавын орнуудын хөгжлийн өнөөгийн түвшин, түүнд хүрсэн арга зам, хөгжлийн загварыг стандарт гэдэг дэлхий нийтийн хэл дээр “унших” нь бидэнд өгөөжтэй.
Хүн бүхэн аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Хүний нийгэм түүнд л тэмүүлдэг. Улс орны хөгжил ч иргэдийнх нь аз жаргалтай амьдрал, эрүүл, аюулгүй орчин, тав тухаар хэмжигдэнэ. Стандарт гэдэг нэр томъёог англи хэлний толь бичгүүдэд хүлээн зөвшөөрөгдөх, хүсүүштэй гэж үзсэн чанар, амжилт, чанарын өндөр түвшин, зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн түвшин, маш сайн гэж үзсэн хэмжүүр гэх мэтээр тайлбарлажээ. Энэ утгаар нь авч үзсэн ч стандарт бол амьдралын дээд чанар, дээд түвшинг илэрхийлсэн хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл, хувь хүний аз жаргал, нийгмийн хөгжлийн үндэс ажээ. Монголчууд бид авлигын, өрсөлдөх чадварын, эрх чөлөөний гэх мэт олон индексээр ухраад байгаагийн нэг шалтгаан нь аливаад стандартгүй ханддагийнх. Стандартгүйгээс, стандартаа мөрддөггүйгээс иргэд Үндсэн хуульд тунхагласан амьд явах, аюулгүй орчинд аж төрөх эрхээ баталгаатай эдэлж чадахгүй байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл