
Үнэнийг мэдэх гэж туйлаас хүсэмжилнэ. Гагцхүү романы эцэс хүрсэн атал эрэл дуусахгүй агаад илүү цөхрөл дүүрэн замаар бэдчүүлэх аж.
Пол Остерын “Үл үзэгдэгч” романы төгсгөлд энэ мэдрэмж хэсэгтээ салахгүй. Лавшрах тусмаа жихүүдэс төрүүлэм үйл явдлын дотоод руу уншигчийг чирэх бөгөөтөл адаг дахь эргэлт дээр бүдэрсэн нэгнээр зохиолч өчүүхэн ч шоглоом хийсэнгүй. Тэр зүгээр л цэг хатгаж, номоо дуусгаад ээлжит романаасаа ангижирсан. Ядахнаа “Эвгүйцээгүй гэж найдъя” гэх өгүүлбэр ч болов тэмдэглэж үлдээгээгүй нь тун хоржоонтой. Харин эл бүхэн романы бүтэцтэй сөргөхийн аргагүй харгалдаж байгааг онцолмоор санагдана. “Үл үзэгдэгч” роман бол Пос Остерийн зохиолуудыг нэгэн хэвийн бүтэц, уйтгартай өгүүлэмжүүдээс нь эрс өөрчилсөн бүтээл. Тэр уншигчдад өөрийгөө шинээр нээхдээ өгүүлэгчийн дуу хоолой үргэлж солигдож, бодит үйл хийгээд зохиомол дурсамж хоорондоо зүүдний хэсгүүд шиг сүлжих жихүүн уур амьсгалтай, гойд амттай роман туурвижээ. Тэгээд ч энэ бол гэмт хэргийн тухай бус харин хүний дотоод дахь ухамсрын сүүдэр хэрхэн өөрийг нь залгидаг талаар далд өгүүлэмж ашиглаж, зоримгоор хүүрнэсэн ном. Тиймээс үйл явдлаас илүүгээр уур амьсгал, далдуур хангинах хүнд нүсэр хэмнэлээрээ уншигчийг дарамтад хүлнэ. Хэн нэгэн битүү хана нэвтлэн орж ирээд сүүмгэр гэрлийн чанх дор барьж суусан ном руу чинь шагайхаар мөрөн дээгүүр өнгийгөөд байх шиг мэдрэмж төрнө.
1967 оны Америкийн улс төр, оюун санааны ертөнц, залуу насны романтик хүсэл мөрөөдөл дундаас ургасан эл зохиол аажмаар ёс суртахууны ялзрал руу гулсаж орхино. Гол дүрийн залуу болох Адам Валкерын амьдралд Рудольф Борн гэх этгээд орж ирэх мөчөөс эхлээд уншигч үл тайлагдах нууцын сүүдэрт нөмрүүлсэн харанхуй хонгилоор бэдчих болдог. Тэр бол муу гэх тодотголоос илүүтэй бусдын айдас, сул талыг нээн харуулдаг тольтой адил оршихуй болон биежсэн дүр. Харин зохиолчийн ур чадвар нь уг дүрийг бусдаас үргэлж тусгаар аж төрөхүйтэй байдлаар нь зааглах атал зохиолын бусад үйл явдлыг өгүүлэгч гэрчүүдэд эргэлзээ төрүүлсэн нууцлаг шинжээр хүчтэй нөлөөлж буйгаар урласан явдал байлаа. Түүнээс үүдээд “Үл үзэгдэгч”-ийг унших нь заримдаа роман бус хэн нэгний дурсамжийг зөвшөөрөлгүй сөхөж байгаа мэт жиг мэдрэмжийг төрүүлнэ.
Хүмүүс өнгөрснийг чин үнэнээр дурсаж чаддаг уу. Магад түүхийг дахин өөрчилж, санах бүртээ шинээр зохиодог шиг сэтгэгдэнэ. Остер үүнийг тун нарийн зохиомжилсон. Тиймээс романд нууцлаг дүр гэж үгүй агаад хүн өөрийнхөө дотор учир шалтгаанаас эс хамаарах хамгаас тодорхой үл үзэгдэгч нь гэдгийг сануулдаг.
Романы бүтцээс шалтгаалаад уншигч үнэнийг бус харин түүнийг орлох боломжит хувилбаруудыг л тэмтэрнэ. Эхний бүлгийн өгүүлэмж нь Адам Валкерын дурсамж бол удаах бүлгийнх Жеймсийн хүүрнэл хийгээд зохиолын анхдагч дүрийн гар бичмэл, гурав дахь нь Сесилийн захидал гэх мэтээр бие хүүрнэгчүүд үргэлж солигдож, хамелон адил хувирч байдаг. Энэ бол орчин цагийн уран зохиол дахь метафизик чанарыг тодорхойлсон Пол Остерын өгүүлэмжийн лабиринт юм. Тэрээр зохиол доторх дахин нэг зохиолын ноорог, үйл явдлын хязгаарыг тэлсэн агуулгыг багтаахдаа урьд цагийн сонгодог бүтээлүүдэд цөөнгүй ажиглагддаг эл аргачлалыг магад туршилтын шинжтэй гэмээр урласан юм. Магадгүй тэрхүү туршилт, эрэлхийлэх үйл явцын илэрхийлэл нь амжилттай болсон гэдгийг бид харж байна. Тэрээр уншигчийг алмайруулах гэхээс илүүтэй цөхрөл дунд үлдээхийг зорьсон. Тайлал нь эргэлзээ төрүүлэхийн хэрээр номыг ахин эхлүүлэх хүслийг өдөөнө. Үүнийг л уншигчийн сэтгэл зүйд өгсөн цохилт хэмээн тодорхойлж болох юм.
Метафизик зохиолуудын нэгэн адилаар “Бодит үнэнийг өгүүлэхийн тулд уран зохиол болгож хувиргах хэрэгтэй” гэснээс үүдэн Валкерын романыг Жеймс Фриймэн хэрхэн өөрчилснийг тааварлаж, бүх үйл явдалд цаашид гарах дүрүүдийн нөлөөллөөр уншигч эргэлзэж эхэлдэг. Гэвч дээрх өгүүлбэр эл номд судрын эшлэл мэт шигтгэгдсэнийг үзэхүл басхүү үйл явдлууд нэлэнхүйдээ хуурамч агаад Валкерын үнэнийг илчлэх гэсэн цөхрөнгүй хүслээр хулдагдаагүй гэдэгт итгэж болмоор. Хамгийн гол нь өнгөрснийг тайлбарлах олон аргачлал байдгийг, хүсэл тачаал гээч нь хүний дурсамжийг хэрхэн гажуудуулж эсвээс чин үнэнийг илчилдэг болохыг роман хожим хойно сэрүүлдэг.
Гэвч дүр бүрийн дотор хэмжээлшгүй, мөнхийн нэг асуултад ээрэгдсэн цөхрөл бий. Түүнээс үзэхэд “Үл үзэгдэгч” бол найдвар нь сүйрсэн бие өгүүлэгчийн гэмт хэргийн гэрч болсон түүх бус харин ч өөр хоорондоо харгалдаж, зарим үест бөөмс адил уусан шингэж, үгүй аваас их шуурганы дараа ус, цасаар мэтгэсэн тэнгэр, газар хоорондоо хагацах шиг салж, нэгэн хэмжээст чулууд шиг түсхийтэл мөргөлдөж, зөнгөөрөө урсах үйл явдлын өгүүлэмж дэх нам гүмийн хэмнэлд ирмэгцээ зөрчил үүсгэдэг тийм наманчлал, гэрчлэлүүдийн нийлбэр мөн билээ.

“Үл үзэгдэгч” роман бүтцийн хувьд “Зун”, “Намар”, “Хавар” хэмээх бүлгүүдийн нэрсийг титэмлэн гарчиг болгосон Валкерын зохиолын гар бичмэлийг дотооддоо оршоосон байдаг. Түүнийг нь судлаач болоод ихэнх уншигчид зохиолын доторх зохиол хэмээн тодорхойлсон. Мэдээж Мо Яны “Дарсны орон” романы адилаар үйл явдлын дэнс тэрхүү зохиол доторх зохиолтой цаг хугацааны нэг тойргийн дагуу урагшлах боловч хоорондоо уялдах ач холбогдол нь дэндүү их. Үүгээрээ ч улирлуудаар хязгаарлагдсан Валкерын гэмшил нь бие хүний оюун санаа хэрхэн бутарч, үйрэн унаж байгааг харуулсан дэлгэмэл газрын зурагтай адил санагддаг. Харин хаврын үйл явдлыг зохиолын эхлэл болгож, дэслээгүй урсгаснаараа романтик боломжийг нээсэн ч хоёрдугаар бүлэг дэх “Зун”-ы дурсамжуудаас үүдээд үгс өөрийн мөн чанарыг алдаж, тавцан дээр удсан алим шиг дотроосоо ялзарч эхэлнэ. Тэнд дурсамж, бэлгийн дур хүсэл, гэм буруугийн наманчлалууд эх адаг нь олдохгүй утас аятай орооцолдоно. Зохиолчийн бүтээсэн хувь хүний оршихуй гээч нь индүүдсэн толигор зам бус үргэлж цэг, таслалаар хязгаарлагдаж байдаг салангид өгүүлбэрүүдийн цуглуулга болж хувирдаг.
Адам Валкер бол өөрөөсөө үргэлж зугтаж ирсэн дүр. Тэр оюунлаг, мэдрэмтгий, романтик залуу мэт харагдавч дотроо ёс суртахууны сул дорой байдлаа хүлээн зөвшөөрсөн нэгэн. Чухам ийм дүрд нууцыг бүтээлцэх нэгэн хэрэгтэй. Чухам тэрхүү дүр нь Валкерын эгч Гвин агаад тэдний бага насны харилцааны талаар урсгасан хэсгүүдээ зохиолч хожим тайлбарлахгүй, асуулт хэвээр үлдээдэг. Дурсамж, ичгүүр, хүсэл тачаал гурвын хоршил. Уншигч тэр бүхэн бодит уу, эсвээс Валкерын самуурсан оюун санааны хэтрүүлэг үү гэдгийг тааварлаж ядсан хэвээр үлдэнэ. Магад өгүүлэгч дүр бүр өөр, өөрийн гэх үнэний гаргалгааг дэвшүүлээд байгаа нь тун жигтэй, сонирхол татах нь гарцаагүй. Валкерын түүх, Жеймсийн эргэцүүлэл, Сэсилийн тэмдэглэл, Гвины тайлбар зэрэг нь өөр хоорондоо ямагт зөрчилддөг. Тэгэхээр гагц “үнэн” хэмээх ойлголт бус харин хувь хүний байр суурь гээч нь бие оршихуйн ухамсарт ямагт өөрөөр тусдаг болохыг Остер эдгээр зөрчлөөр илэрхийлжээ. Түүнийг нь л “зохиолч ба хувь хүний онцлог хоорондын бүдэг бадаг хил хязгаар” хэмээн шүүмжлэгчид тодорхойлсон болов уу.
Харин Валкерын үлдээсэн зохиолын гар бичмэлийг нэг тийм хөндүүр оргиулсан цөхрөл үргэлж дагалддаг. Энэ нь өнгөрснийг тэмдэглэж үлдээх санаархал мэт боловч үнэндээ өөрийгөө аврах гэсэн оролдлого. Түүний оюун санаа ямагт аврал хайн бэдэрсэн. Тиймдээ ч бичих үйл нь дурдтгал, уран бүтээл гэхээс илүүтэй гэм буруугаа хүлээсэн сонголт, түүнийгээ оюун санааныхаа цэвэр ариун дээр тайлбарлахыг хүссэн наманчлал байв. Гарцгүй зохиол дахь зохиол нь ингэж үнэнийг үлдээх боломжит хувилбар уншигчдад нээж өгч болохыг Остер тун өвөрмөцөөр илэрхийлжээ.
Борны дүрийг Остер бусдын сэтгэлийг удирдан чиглүүлэхдээ гарамгай байдлаар бүтээсэн. Валкер үнэнээс айдаг гэх аваас Борн тийм үнэнийг нууцад хувиргаж, түүгээр тоглож ч дөнгөнө. Нэг нь тал бүр тийшээ сацран унаж буй ухамсар бол нөгөө нь эл бүхнийг чимээгүй ажиглана. Тиймээс л Борны дүрийн хамгийн эвгүйцэм чанар бол түүний тодорхойгүй байдал. Тэр дипломатч уу, тагнуул уу, эсвээс зүгээр л нэг гаж донтон, хийрхэл нь дэндсэн баян өв залгамжлагч уу гэдгийг бид мэдэхгүй. Тэр хэвээрээ үлддэг. Харин үл мэдэгдэх эл шинж л түүнийг романы хамгийн хүчтэй дүрийг төлөөлүүлнэ. Түүний өнгөрсөн амьдрал, улс төрийн холбоо, жинхэнэ зорилго юу байсан нь бүрэн тайлагдсангүй. Гэхдээ зохиолчид үүний хариулт чухал биш байсан бололтой. Харин үл мэдэгдэх хүчин зүйл хүний ухамсарт хэрхэн айдас хуруулах нь л хачин адгамаар, сонирхолтой өнцөг. Тиймээс Сэсилийн тэмдэглэлд дурдагдсан алуурчин үнэхээр тэр мөн байсан уу гэдгийг ч ухаараагүй байтал роман дуусчихдаг. Бодитоос илүүтэй бэлгэдэл рүү хувиргасан дүрээ тэр хэвээр нь орхисон зохиолч бүтээлээ дуусгадаггүй гэсэн үг.
Остерын туйлын уран мэх нь уншигчийг эргэлзээнд хөтлөх боловч хуурмаг заль гаргадаггүйд орших аж. Тэр бүхий л юмсыг илэн далангүй, шулуун шударгаар өгүүлнэ. Харин чин үнэнийг бол хариулт нэхсэн хэвээр үлдээнэ. Энэ л “Үл үзэгдэгч” романыг уран зохиолын өвөрмөц жишээнд хамаатуулах шалтгаан болж байна. Үйл явдлыг бодитоор, энгийн хэллэгээр хүүрнэх тул магад уншигчийг цуцааж, ухамсрыг мэрэхгүй байж болно. Гэвч тэдгээр текстийн гүн рүү шумбамагц олон салаа замууд, төөрдөг хонгилууд биежих нь дамжиггүй. Асуултгүй хэвээр үлдээсэн зарчим нь ч тэр амьдрал ийм л байдаг гэх хоржоонтой мушилзааны сүүдэр биз ээ. Хүн хэзээд бусдын болоод өөрийнхөө тухайд ч жинхэнэ үнэнийг тайлж дөнгөх сөн бил үү. Бидэнд үнэн дүр төрх рүүгээ адган шунгах хэр нь улам л алсрах хоосон орон зай ямагт байдаг. Тэрхүү хязгааргүйд хэзээ нэгтээ хөл тавихад бие жихүүцүүлэм аймшигтай үнэн тодрох үгүйг хүн гээч ядмагхан бодгаль хэрхэн мэдэх билээ.