
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрээр "Эрчим хүчний сайд тушаал гаргаж Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг шинэчлэн баталсан. 2020 онд баталсан өмнөх журам нь үйлдвэрлэсэн эрчим хүчээ төрд нийлүүлэх хүсэлтэй иргэн, ААН-үүдэд хүндрэл учруулж байсан учраас шинэчлэн хялбаршууллаа.
Одоогийн байдлаар 111 иргэн, ААН түгээх сүлжээнд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлж байгаа. Үүний 76 нь айл өрх, 35 нь ААН. Өмнө нь нийлүүлсэн цахилгааны төлбөрийг нь жилд нэг удаа олгодог байсан бол одоо сар бүр олгож байхаар болсон. Мөн иргэд хүсэлтээ гаргаснаас хойш ажлын 11, ААН-үүд ажлын 28 хоногийн дотор үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлж зарах боломжтой.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хамт олон жил бүр төлөвлөгөөт засвар үйлчилгээгээ хийдэг. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын гуравдугаар сарын 3-наас аравдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ. Төлөвлөгөөгөө олон нийтэд нээлттэй мэдээлээд явна" гэлээ.