
АНУ болон Ираны хооронд шинэ энхийн хэлэлцээ өрнөх магадлал нэмэгдсэнтэй холбоотойгоор нефтийн үнэ өчигдрөөс эхлэн буурлаа.
Дэлхийн жишиг болох Brent төрлийн нефтийн үнэ 3.8 хувиар буурч баррель нь 95.54 ам.доллар болсон бол АНУ-ын West Texas Intermediate (WTI) 6.1 хувиар буурч 92.85 ам.долларт хүрчээ.
Энэ нь өмнөх өдөр нефтийн үнэ 100 ам.доллароос давсны дараах огцом буурсан хэрэг юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргасны дараа үнэ өссөн ч дараа нь буурсан байна.
Трамп сэтгүүлчдэд “нөгөө тал бидэнтэй холбоо барьсан, хэлэлцээр хийхийг маш их хүсэж байна” гэж мэдэгджээ. Мөн мэдээллээр Иран ураны баяжуулалтыг 5 жил хүртэл хугацаагаар зогсоох санал тавьсан ч АНУ 20 жил шаардаж, санал зөрөлдсөн байна.
Хөрөнгө оруулалтын стратегич Линдсэй Жеймс нефтийн үнийн бууралтыг “хоёр тал энхийн хэлэлцээ хийх сонирхолтой хэвээр байгаагийн дохио” гэж тайлбарлажээ.
Судлаач Жиажиа Ян мөн Трампын мэдэгдлийг хурцадмал байдал намжих боломжийн шинж тэмдэг гэж үзсэн байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (International Energy Agency) гүйцэтгэх захирал Фатих Бирол одоогийн үнэ нөхцөл байдлын ноцтой байдлыг бүрэн тусгахгүй байгааг анхааруулжээ. Тэрбээр “гуравдугаар сард ачигдсан нефть дөрөвдүгээр сард ирж байгаа, харин одоо шинэ ачилт бараг байхгүй тул нөхцөл байдал улам хүндэрч магадгүй” гэж хэлсэн байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд гуравдугаар сард дэлхийн нефтийн нийлүүлэлт өдөрт 10.1 сая баррелиар буурч, 97 сая баррельд хүрсэн нь түүхэн дэх хамгийн том тасалдал болсон тухай дурджээ.
Мөн тус агентлагийн 32 гишүүн улс 400 сая баррель нефтийг нөөцөөс гаргахаар тохиролцсон бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин арга хэмжээ авахад бэлэн байгаа аж.
АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Брайт нефтийн үнэ ойрын долоо хоногуудад оргилдоо хүрч магадгүй гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн нефть, байгалийн хийн нийлүүлэлтийн бараг 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолой мөргөлдөөний гол цэг хэвээр байна. Иран тус хоолойгоор дамжин өнгөрөх усан онгоцуудад заналхийлснээр эрчим хүчний зах зээлд дарамт үүсгээд байна.
Зарим компаниуд үнийн өсөлтөөс ашиг хүртэж байгаа бөгөөд нефтийн аварга BP худалдааны хэлтсийнхээ ашгийг “онцгой өндөр” гарна гэж мэдэгдэв.
Азийн хөрөнгийн зах зээлүүд харин өсөлттэй хаагдсан бөгөөд Японы Nikkei 225 индекс 2.4 хувь, Өмнөд Солонгосын Kospi индекс 2.7 хувиар өссөн байна.