
Боливарын Бүгд Найрамдах улсын төрийн тэргүүнийг ган төмөр хаалга цуурга, өндөр хамгаалалттай орд өргөөнөөс нь баривчилж Америкийн шоронд хүргэснээс хойш 11 сар өнгөрөв.
Гэвч Николас Мадурог огцруулахаас дарангуйллын тогтолцоог нураах нь тэс ангид зүйл болохыг Венесуэлийн өнөөгийн нөхцөл байдал харуулж буй. Каракаст эрх баригч солигдсон ч хуучин дэглэмийн институцүүд хэвээр үлдэж, ардчилсан сонгуулийн тов тодорхойгүй жил тойрлоо. Энэ зуурт газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Венесуэлийн нефть экспортын 50 хувийг Америкийн компаниуд авсан. Харин өнгөрсөн сарп сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо эх орондоо эргэн ирснээр Венесуэлийн улс төрд эргэлт гарч мэдэхээр нөхцөл байдал үүслээ.
Аравдугаар сарын 25-ны ням гарагт Венесуэлийн баруун хэсгийн Лара муж дахь сүмийн дэргэд цугласан хүмүүс санаанд оромгүй зочинтой таарав. Жил гаруй хилийн чанадад амьдарсан сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо гэнэт олны өмнө гарч ирэхэд хүмүүс төрийн дууллаа дуулж, эрх чөлөө хэмээн хашхирч байв. Хатагтай Мачадог нийслэл рүү автомашинаар хүрэх замын турш дэмжигчдийн цуваа өргөжсөөр Каракаст хэдэн арван мянган хүн угтан авчээ.
Олон жилийн турш Мадурогийн дэглэмийн эсрэг тууштай тэмцэж ирсэн Мачадо 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших эрхээ хасуулсан ч Венесуэлийн сөрөг хүчнийг нэгтгэж чадсан гавьяатай. 2025 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэнээр олон улсад Венесуэлийн ардчилсан хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон “төмөр хатагтай”-н нэр хүнд өсөхийн хэрээр туулах сорилт нь томорсон. Николас Мадурог баривчлагдахаас өмнө Цагаан ордонтой муугүй харилцаатай байсан түүнийг Трампын засаг захиргаа тойргийн гадна үлдээсэн. АНУ-ын албаны хүмүүс эх орондоо буцаж ирэхээ хойшлуулахыг хүсэхийн сацуу хилээр нэвтрэх оролдлогод нь хэдэнтээ саад хийсэн гэдэг. Тиймээс Мачадо эх орондоо эргэн ирмэгц тэмцлийн дараагийн алхмаа эхлүүлж байна. Түүний тэргүүлдэг “Vente Venezuela” хөдөлгөөн иргэдийн сонгох эрхийг сэргээх, 2024 онд үгүйсгэгдсэн сонгуулийн үр дүнг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрүүлэх, эрх мэдлийг ардчилсан замаар шилжүүлэх тогтолцоог бий болгохыг шаардаж буй. Харин зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн олон нийтийн дэмжлэг хангалтгүй, Каракасын төрийн бүтэц, зэвсэгт хүчин, шүүх, сонгуулийн байгууллагуудын эрх мэдлийн харьцааг өөрчлөх шаардлагатай боллоо.
2026 оны нэгдүгээр сард АНУын цэргийн ажиллагааны үеэр Николас Мадурог баривчилж, Нью-Йорк руу шилжүүлсэн нь Латин Америкийн улс төрийн түүхэнд онцгой үйл явдал болсон. Гэвч Вашингтон Мадурог огцруулсныхаа дараа түүний гол өрсөлдөгчид эрх мэдлийг шилжүүлсэнгүй. Дарангуйлагчийн удирдлагад ажиллаж, бодлогыг нь хэрэгжүүлж байсан дэд Ерөнхийлөгч Делси Родригес өнөөдөр Венесуэлийг ардчилалд шилжих үйл явцыг удирдаж байна. Делси Родригесийн Засгийн газар Вашингтонтой харилцаагаа сэргээн, газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн, эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулахад анхаарч байна. АНУ ч түүнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа нь илэрхий. Трамп Венесуэлд Америкийн компаниудын оролцоотой хэрэгжиж буй газрын тос болон бизнесийн хэлэлцээрүүдийг сайшааж, Родригесийн түр Засгийн газартай тогтоосон харилцааг эерэгээр үнэлсэн хэвээр.
Гэвч эдийн засгийн харилцаа сайжрах нь ардчилсан тогтолцоо бэхжсэний баталгаа биш. Венесуэлийн шүүх, сонгуулийн байгууллагууд хуучин эрх баригч намын нөлөөнөөс бүрэн ангижраагүйн дээр Үндэсний ассамблей, төрийн захиргаа, аюулгүй байдлын бүтэц Мадурогийн үед бүрэлдсэн эрх мэдлийн сүлжээ янзандаа. Ийм нөхцөлд сонгууль зарлабал үр дүнг нь хэн баталгаажуулах, ялагдсан тал эрх мэдлээ шилжүүлэх эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдэнэ.
Түр Ерөнхийлөгч Родригесийн хувьд өнөөгийн тогтолцоог нэн даруй өөрчлөх нь эрх мэдлийн үндсийг ганхуулах эрсдэлтэй. Харин шинэчлэлийг хэт удаашруулбал Мачадогийн удирдсан олон нийтийн хөдөлгөөн дахин хүчээ авч, Вашингтоны дэмжлэгтэй улс төрийн шилжилтийн төлөвлөгөө ч мухардалд орж болзошгүй юм. Мачадо эх орондоо ирсний маргааш Родригес улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, олон ургалч үзэл бодлыг илэрхийлэх боломж бүрдүүлэхийг хүсэж буйгаа мэдэгдсэн. Гэвч түүний хэлсэн үгэнд сөрөг хүчнийхнийг хориг арга хэмжээ, гадаадын түрэмгийллийг дэмжсэн хэмээн буруутгасан өнгө аяс цухалзав. Энэ нь эвлэрлийн тунхагийн цаана улстөрчдийн хуучин мөчөөрхөл үргэлжилж байгааг харуулж буй аж.

Венесуэл газрын тосны батлагдсан нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ч олон жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал, хориг арга хэмжээний улмаас хуучирсан дэд бүтцээр олборлолтын хүчин чадлаа бүрэн ашиглах боломжгүй. Мадурог огцруулснаас хойш тус улсын эрчим хүчний салбарт олон улсын хөрөнгө оруулалт цутгах үүд нээгдсэн.
Тухайлбал, 2026 оны аравдугаар сарын 17-нд Делси Родригес ирэх таван жилийн хугацаанд газрын тосны салбарт бараг 76 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах гэрээ хэлэлцээр байгуулагдсаныг мэдэгдэв. АНУ-тай байгуулсан тохиролцоонд 17 газрын тосны орд, 250 өрөмдлөгийн төхөөрөмжийн төлөвлөгөө багтжээ. Өмнө нь мөн АНУ-тай байгуулсан эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ 25 жилийн хугацаатай. Түр Ерөнхийлөгч ийнхүү Вашингтонд эдийн засгийн бодит үр өгөөж амлаж, хариуд нь Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хадгалах боломж олж авлаа.
Вашингтоны хувьд ч эдгээр гэрээ хэлэлцээрүүд хэд хэдэн давуу талтай. Америкийн компаниуд Венесуэлийн асар том нөөцөд нэвтэрч эдийн засаг сэргэвэл бүс нутгийн тогтворгүй байдал, цагаачлалын дарамтыг бууруулах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Венесуэлийн эрчим хүчний салбарт АНУ-ын оролцоо нэмэгдэх нь Каракасын гадаад бодлогын чиг баримжаанд нөлөөлөх стратегийн хөшүүрэг болж чадах аж.
Аравдугаар сарын сүүлээр Венесуэлийн олон мянган иргэн сонгууль явуулахыг шаардаж жагссан нь хоёр жилийн хугацаанд анх удаа сөрөг хүчний идэвхжил нэмэгдэж буйг харууллаа. Гагц сонгуулиар ч хязгаарлагдахгүй амьдралын нөхцөл үлэмж дордож, нийтийн үйлчилгээ бүрнээ дампуурсан нь ч иргэдийг гудамжны тэмцэл сонгохоос өөр нөхцөлгүй байдалд хүргэв. Каракас хотын компьютерын инженер Эдуардо орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэд Мадурог зайлуулсан нь сайн хэрэг, гэхдээ энд өмнөхтэйгөө л яг ижилхэн хог новшийн тогтолцоо үргэлжилсээр байна” хэмээн шүүмжилжээ. Энэ нь ард иргэдийн дунд Засгийн газрын өөрчлөлт гарсан ч амьжиргаа болон улс төрийн эрх чөлөө бүрэн хангагдахгүй байгаа талаарх бухимдал өндөр байгааг харуулж байна.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын 2025 оны эцсийн мэдээллээр бараг 7.9 сая венесуэл хүн эх орноо орхин гарны дийлэнх нь Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад амьдарч байна.Эдгээр иргэний улс төрийн оролцоог сэргээхгүйгээр Венесуэлд бүрэн төлөөлөлтэй сонгууль зохион байгуулахад хүндрэлтэй. Сөрөг хүчний удирдагч Мачадо 2027 оны долоодугаар сараас өмнө сонгууль явуулах ёстой гэж үзэн гадаадад амьдарч буй венесуэлчуудыг сонгогчдын бүртгэлд хамруулах шинэ цахим систем боловсруулж эхэллээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр уг системийг 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 18 сарын турш хөгжүүлжээ.
Харин Вашингтоны хувьд эдийн засаг, аюулгүй байдал, төрийн институцүүдийг тогтворжуулсны дараа сонгууль явуулах боломжтой гэж үзэж буй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио эхлээд Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дараа нь Сонгуулийн ерөнхий хороог өөрчлөх төлөвлөгөөг олон жилээр сунжруулахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн ч сонгуулийн тодорхой тов зарлаагүй. Трампын засаг захиргаа 2027 онд сонгууль явуулах боломжийг авч үзэж байгаа боловч баталгаажуулсан албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна.
Николас Мадуро харийн шоронд хоригдсоноор Венесуэлийн ардчилал сэргэсэнгүй харин ч улс төрийн тогтолцооны мөн чанарыг илүү тод харуулах шинэ нөхцөл бүрдүүлжээ. Өдгөө Венесуэлд хэн төр барих вэ гэдгээс илүү иргэд Ерөнхийлөгчөө чөлөөтэй сонгох эрхтэй эсэх нь анхаарал татаж буй.