
Al Jazeera Хойд Америкт болох тэмцээний үеэр дэлхийн хэмжээний од болж тодорч магадгүй шилдэг залуу хөлбөмбөгчдийг танилцууллаа.
2026 оны ДАШТ-д Кристиано Роналду, Лионел Месси нар FIFA-гийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд зургаа дахь удаагаа оролцоно.
Тэд хоёулаа 2006 оны Германд болсон ДАШТ-д анх удаа оролцон Португал болон Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд дебютээ хийснээсээ хойших бүх тэмцээнийг гэрэлтүүлсээр ирсэн.
Олон улсын тавцан дахь магадгүй сүүлчийн оролцоо нь болох энэ удаагийн тэмцээнд ч дэлхий нийтийн анхаарал тэдэн дээр төвлөрөх болно. Роналду 41 настай бол Месси зургадугаар сарын 24-нд 39 нас хүрнэ.
Роналду, Месси нарын залгамжлагч хэн болох вэ гэдэг асуулт үргэлж сонирхол татдаг. Энэ ДАШТ-аар тэдний орыг залгах хүлээлт үүсгэсэн өсөх ирээдүйтэй залуу тоглогчдыг танилцуулья.
Кенан Йылдыз (Турк)
Турк улс хамгийн сүүлд ДАШТ-д оролцож байх үед Кенан Йылдыз мэндлээгүй байлаа.
Герман улсад төрсөн Йылдыз Европ дахь амжилтынхаа дараа ДАШТ-д ирж байна. Тэрээр 2023-24 онд Juventus багийн хамтаар Италийн цомд түрүүлж, дараа жил нь Серие А-гийн улирлын шилдэг багт багтжээ.
Довтлох чиглэлийн хагас хамгаалагч болон жигүүрийн тоглогчоор тоглох чадвартай 21 настай тэрбээр Туркийн довтолгооны хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэг юм.

Нико Пас (Аргентин)
21 настай энэ довтлох чиглэлийн хагас хамгаалагчийг олон хүн Мессигийн залгамжлагч гэж үздэг.
Нико Пас энэ улиралд Италийн Серие А-д 12 гоол, долоон оновчтой дамжуулалт өгч, Como багийг Аваргуудын лигт анх удаа шалгарахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Раян (Бразил)
Раян бол Бразилийн хөлбөмбөгийн шинэ эрдэнэ. 19 настай жигүүрийн тоглогч Раян гуравдугаар сард шигшээ багт анх удаа дуудагдаж, Панамыг 6:2-оор хожсон нөхөрсөг тоглолтод шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо оруулсан.
Өнгөрсөн улиралд түүний бүх тэмцээнд оруулсан 20 гоол Vasco da Gama багийг Бразилийн цомын финалд хүргэсэн бөгөөд улмаар Английн Bournemouth багт шилжсэн юм.

Гилберто Мора (Мексик)
Гилберто Мора 2024 онд ердөө 15 настайдаа Мексикийн дээд лигт гоол оруулсан хамгийн залуу тоглогч болсон.
Тэрээр дараа нь Мексикийн шигшээ багт дуудагдсан хамгийн залуу тоглогчдын нэг болж, улмаар КОНКАКАФ-ын Алтан цомд түрүүлсэн хамгийн залуу олон улсын аварга болсон юм.

Ян Диоманде (Зааны ясан эрэг)
Ян Диоманде өнгөрсөн жил RB Leipzig багт ирснээсээ хойш Европыг шуугиулж буй. Энэ жил 19 настай жигүүрийн тоглогч Ян Диоманде энэ улиралд Бундеслигт 12 гоол оруулж, найман оновчтой дамжуулалт өгсөн төдийгүй улирлын шилдэг шинэ тоглогчоор шалгарчээ.

Нико О'Райли (Англи)
Нико О'Райли бол Manchester City академийн бүтээгдэхүүн. 21 настай Нико О'Райли энэ улиралд 50 гаруй тоглолтод оролцож, есөн гоол, зургаан оновчтой дамжуулалт хийсэн.

Леннарт Карл (Герман)
Леннарт Карл энэ улиралд Bayern Munich багийн төлөө есөн гоол, найман дамжуулалт хийсэн.
18 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Леннарт Карл хурд, ур чадвараараа ялгардаг.

Лука Вушкович (Хорват)
19 настай хамгаалагч Лука Вушкович Бундеслигийн сарын шилдэг шинэ тоглогчийн шагналыг дөрвөн удаа хүртжээ.
Tottenham Hotspur баг түүнтэй гэрээ байгуулсан. Лука Вушкович Германд зээлээр тоглож байхдаа 27 тоглолтод оролцож зургаан гоол оруулсан билээ.

Кейсүкэ Гото (Япон)
Кейсүкэ Гото Японы шигшээ багийн хамгийн залуу тоглогч. 20 настай довтлогч Кейсүкэ Гото энэ улиралд 13 гоол, найман оновчтой дамжуулалт хийжээ.

Али Жасим (Ирак)
Иракийн шинэ үеийн төлөөлөл Али Жасим 22 настай. Саудын Арабын дээд лигт 24 тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулсан түүнийг энэ ДАШТ-д ямар амжилт үзүүлэхийг харах л үлдээд буй.
20 хүртэлх насныхны ДАШТ болон 2024 оны Парисын олимпод оролцож байсан тэрбээр Ирак улс 40 жилийн дараа ДАШТ-д эргэн ирж буй үед илүү том тайзан дээр өөрийгөө харуулах боломж нь энэ ДАШТ гэгдэж байна.

2026 оны FIFA-гийн ДАШТ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ.