Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Явган замын ажилтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

Тэрээр "Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн. Хот явган замын стандартгүйгээс болж маш олон төрлийн материалаар хийсэн замтай болсон. Тиймээс явган замын иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Шинээр тавьж байгаа явган замын хавтан барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Мөн явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээг бүхэлд нь улаан өнгөөр тэмдэглэж, "А" тэмдэглэгээтэй болгож зөвхөн автобус зорчуулна. Улмаар нэгдүгээр эгнээнд зорчсон автомашины жолоочийн эрхийг хасах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж байна" гэв.