
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Батболдын санаачилсан Туул голын хурдны замын төслийг шалгах ажлын хэсэг байгуулах тогтоолыг төслийг хэлэлцсэн дэмжсэнгүй.
Санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Бид орон нутгийг аль болох бие даан санхүүгээ авч явдаг байгаасай гэж хүсэж байгаа. Өмнөговь, Дархан-Уул, Эрдэнэт, Сүхбаатар, Дорноговь, Ховд аймгууд улсын төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрүүлдэг болсон байна. Өмнөговь аймаг улсын төсөвт хамгийн их төсөв төвлөрүүлдэг аймаг учраас дулааны цахилгаан станцын мөнгө улсын төсвөөс гуйхгүйгээр ирээдүйн орлогоороо бонд босгодог, санхүүгийн харилцаанд ордог байя гэх асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьсан. Үүнийг нийслэл Улаанбаатар хотоос эхлүүлсэн. Хурдны замных нь нарийн тооцооллыг инженер хүн биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө талдаа орон нутаг төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэхэд нь УИХ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд нь халдаад төсвийн харилцаагаар явж байгаа зүйлийг нь энд авчирч хэлэлцдэг болох гэж байгаа юм уу. Тэгвэл аймгуудын хувьд санхүүгийн хувьд бие даах хүсэл сонирхол бага болно. Аль болох өөрсдөө орлогоо олоод зарлагаа нөхөөд явдаг байхыг уриалаад байгаа. Төсвийн байнгын хорооны дарга Өмнөговь аймгаас сонгогдсон хүний хувьд сайн мэдэж байгаа.
Нийслэл аудиттай. Зам, тээврийн хөгжлийн төв гэж хянадаг байгууллагаараа төслөө хянуулсан байлгүй. Эдгээр байгууллагуудаас давж бүгдээрээ замын нарийн инженерчлэлийн дүгнэлт хийх гэж байгаа юм уу.
Р.Батболд гишүүн хотоор явж түгжрэлийн асуудлаар иргэдтэй уулзсан гэж сонсоогүй. Би таныг аль нэг тойргоос ард түмний санал авсныг мэдэхгүй байна. П.Сайнзориг гишүүн, бас би 2028 онд "Дөрвөн жилийн хугацаанд түгжрэлийг бууруулахад юу хийсэн бэ" гэсэн иргэдийн асуултад хариулт өгнө. Та тэр асуултад хариулт өгөхгүй" гэв.