
Ухах уу, эс ухах уу гэсэн асуулт уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай манай улсын толгойн өвчин байхаа больсон.
Харин бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл явагдаж, эрдэс түүхий эдийг олборлож дууссаны дараа ч орон нутаг тогтвортой хөгжсөөр байх ёстой гэдэг ганц зарчмаар ирээдүйгээ тодорхойлох нь чухал болжээ. Энэ зарчим олон улсын түвшинд ч хүчтэй хөндөгдөж эхэлсэн. Тухайлбал, цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор 2050 он гэхэд зэс, лити, кабальт зэрэг чухал ашигт малтмалын эрэлт 4-6 дахин өсөх төлөвтэй байгаа нь уг түүхий эдийг эрэн хайж, олборлох үйл явцыг эрчимжүүлнэ. Тэгвэл олборлолтын энэ шинэ давалгаанд бүс нутгийн иргэд хохирох бус өгөөж хүртэж, байгаль орчны сүйтгэлээс хамгаалагдах ёстойг НҮБ онцолжээ. Мөн олон улсын хөрөнгө оруулалтын сан, банкууд уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэхдээ Community Benefit Agreements (CBA) буюу орон нутагтай хамтран ажиллах (өгөөж хүртээх) гэрээ байгуулсан эсэхийг гол шалгуур болгох болсон. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйлдвэрлэл явуулах бүс нутгийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэж, тогтвортой хөгжих бололцоог бүрдүүлэхэд тухайн компани оролцоогоо хангаж байж төслөө санхүүжүүлэх мөнгөтэй болно гэсэн үг. Үүнээс гадна компаниуд орон нутагтай хийсэн гэрээний хэрэгжилт, ажлын байраар хангасан байдал, орон нутгаас худалдан авалт хийсэн мэдээллээ тайлагнах нь сайн дурын бус заавал хангах үүрэг болж байна.
Энэ нь зөвхөн орон нутагт өгөөж хүртээх гэсэн ганц зорилго биш юм. Орон нутагтай ойлголцох, нийгмийн эрсдэлээс сэргийлснээр салбарын тогтвортой байдал хангагдаж, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэнэ. Нөгөө талаас хамтын гэрээний чанар чансаа нь компанийн засаглал, алсын хараа, удирдлагуудын чадамжийг илтгэх бодит индикатор болно. Үр дүнд нь хариуцлагатай уул уурхай бодитоор хөгжинө.
Манай улсад нөхцөл байдал ямар байна вэ. Уул уурхайн компани, орон нутгийн засаг захиргаа хооронд хамтран ажиллах загвар гэрээг Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор баталсан. Улмаар www.iltodgeree.mn мэдээллийн санг 2017 онд нээж, гэрээнүүдийг нээлттэй байршуулах талбарыг бүрдүүлсэн. Тэгвэл гэрээг нээлттэй мэдээлж байна уу. 2025 оны эцэст Ашигт малтмал, газрын тосны газарт ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны 544 тайланг ирүүлжээ. Харамсалтай нь тухайн онд орон нутагтай хамтран ажиллах 30 орчим гэрээг мэдээллийн санд байршуулсан байна. Эндээс нийт компанийн 10 орчим хувь нь орон нутагтай байгуулсан гэрээгээ нээлттэй мэдээлснийг харж болно. Бусад нь санаатай, санамсаргүй нь үл мэдэгдэх байдлаар нууцалжээ. Гэрээ ил тод биш бол чанарыг үнэлэх, хариуцлага нэхэх боломж хязгаарлагдана.
Мэдээллийн санд байршуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр хугацаагаар нь шүүвэл 80 орчим хувь нь нэг жилийн хугацаатай, 9 орчим хувийг нь гурав болон түүнээс дээш жилээр байгуулагдсан гэрээ эзэлжээ. Харин тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд, төсөл хэрэгжиж дуусах хугацаагаар байгуулсан гэрээ маш бага буюу ердөө 7-8 хувийг эзэлсэн байна. Ихэнх гэрээг ганцхан жилийн хугацаатай байгуулснаас харахад нэгдмэл зорилго, алсын хараа тусгагдах боломжгүй гэдэг нь тодорно. Ийм богино хугацаагаар байгуулсан гэрээнүүдэд алсын хараа бүхэлдээ орхигдож, “дэмжинэ”, “нягт уялдаатай ажиллана” гэх тунхагийн шинжтэй зүйл заалтуудаар дүүрэн. Хүрэх зорилго, үр дүнг хэмжих нэгж байхгүй бол эргээд биелэлтийг үнэлэх, хянах, хариуцлага тооцох боломжгүй гэсэн үг. Энэ бол хувийн компаниуд дээр нийтлэг анзаарагдсан доголдол.
Харин төрийн өмчит компаниудын тухайд “дэвшил” гэж нэрлэж болохуйц зүйлс анзаарагдсан. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит компаниудын байгуулсан гэрээнүүд харьцангуй ойлгомжтой, хэрэгжүүлэх ажил, хугацаа, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хариуцах албан тушаалтан зэргийг тодорхойлж, зорилго зорилтоо “тавьжээ”. Мөн гэрээ гурав болон түүнээс дээш жил хүчин төгөлдөр үйлчлэхээр тусгасан нь тогтвортой байдлыг нэмэгдүүлж байв. Түүнчлэн, гэрээний биелэлтийг хувиар илэрхийлж, 2-3 сувгаар олон нийтэд тайлагнасан дэвшилтэй байлаа. Гэхдээ нийтлэг нэг том дутагдал бий нь гэрээнд тусгасан ихэнх тохиролцоо нь компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд орон нутгаас хамааралтай элдэв зөвшөөрөл, зохицуулалтыг хүндрэл чирэгдэлгүй биелүүлж өгөхийг шаардсан шинжтэй, хариуд нь компани орон нутагт тулгамдсан цаг үеийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх амлалт давамгайлжээ. Тухайлбал, дэд бүтцийн ажил, инженерийн шугам сүлжээ засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлыг ангилан ялгах зэрэг “ахуйн шинжтэй” ажил олонтаа тусгагджээ. Харин орон нутгаас худалдан авалт хийх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хүүхэд залуусыг сургах, дадлагажуулах, ажлын байраар хангах зэрэг ирээдүй рүү чиглэсэн үүрэг оролцоо бага байна.
Компанийн орон нутагтай байгуулсан гэрээ шаардлага хангахгүй байгаа нь хоёр үндсэн алдааг илэрхийлнэ. Эхнийх нь Засгийн газраас 2016 онд баталсан гэрээний загварыг зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, одоогийн загварт мөнгөн дүн, хувь хэмжээг тодорхойлдоггүй. Гэтэл олон улсад тухайн компанийн орлого, ашиг, үйлдвэрлэлийн үзүүлэлттэй уялдсан механизм үйлчилдэг. Ингэснээр компани ашигтай, тогтвортой ажиллах тусам орон нутагт очих өгөөж өсөх зүй тогтол бий болно. Мөн олон улсад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төсөл бүрээр төсөв, хугацаа, шалгуур үзүүлэлттэй нь тодорхойлсон байдаг. Харин манайд ийм нарийвчлал байхгүйгээс болж гэрээ үр нөлөөгөө алдаж байна. Цаашлаад зарцуулалтын тайланг гаргаж, олон нийтэд хүргэж мэдээлэх зэрэг хяналтын механизмтай холбоотой олон нарийвчилсан өөрчлөлтүүдийг гэрээний загварт оруулж шинэчлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, манайд уул уурхайн компаниудын засаглал ямар түвшинд байгааг орон нутагтай байгуулсан гэрээнүүд илтгэж байна. Төрийн өмчит компанийн засаглалын асуудлыг илүүтэй холбож харьцуулья. Тэдэнд төсвийн орлогыг бүрдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх дарамт өндөр байдаг тул тухайн үеийн орлогод гол анхаарлаа хандуулдаг. Нөгөөтэйгүүр, сонгуулийн дөрвөн жилийн цикл, үүнийгээ дагасан албан тушаалын өөрчлөлттэй холбоотойгоор компанийн удирдлага 10-20 жилийн тогтвортой хөгжлийг ярихаас илүүтэй 1-2 жилийн орлого төвлөрүүлэлт, тухайн хугацааныхаа үүрэг хариуцлагад л төвлөрдөг. Нэмээд ТУЗ-д ихэвчлэн яамдын төлөөлөл багтдаг. Гэтэл ийм бүрдлээр бий болсон ТУЗ нь тухайн үеийн Засгийн газар, яамны богино хугацааны шахалт, шаардлагыг биелүүлэхэд шахаж ажилладаг. Ингэснээр ТУЗ-ийн үүрэг чиглэл, компанийн засаглал нь компанид бие даасан бизнесийн урт хугацааны стратегийг бий болгож чадахгүй байна. Үүний илрэл нь орон нутагтай байгуулсан гэрээнд алсын хараа тусгагдахгүй байгаа явдал. Ер нь санхүүгийн тайлан, ашгийн график, аудитын дүгнэлт зэрэг “ширээн дээр өрсөн цаас”-нууд тухайн компанийн өнөөдөр болон өнгөрсөн хугацааны санхүүгийн үзүүлэлтийг харуулдаг. Харин орон нутагтайгаа хэрхэн харилцаж байгаа нь тухайн компанийн ирээдүйд оршин тогтнох чадвар, ТУЗ болон удирдлагын бодит чадамжийг тодорхойлно.
Өмнөговь аймаг улсын хэмжээнд өрсөлдөх чадвараар 4-т эрэмбэлэгддэг. Харин Цогтцэций сум аймгийнхаа 15 сумаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хэмжээгээр 3-т, бодит зарцуулалтаар 4-т, зарцуулалтын хувиар 15-т ордог байна. Цогтцэцийгийн 2024 оны ОНХСийн зарцуулалтын хувь 84.3 хувь байгаа нь Өмнөговийн 15 сумын хамгийн доод үзүүлэлт бөгөөд 753.1 сая төгрөгийн төлөвлөсөн хөрөнгө зарцуулагдаагүй байлаа. Зөвхөн энэ тоо тус сумыг “санхүүгийн боломж өндөр хэдий ч хөрөнгийг менежмент султай” хэмээн таамаглах үндэслэл болж буй. Өрсөлдөх чадвар муутай сум хэмээн шууд оноон нэрлэж болохгүй ч ОНХС-ийн хөрөнгийн их төвлөрлөө зарцуулах гүйцэтгэл нь бусад сумтай харьцуулахад сул байгаа нь хүлээтэй зогсоо нэгний төрхийг санагдуулна.
ОНХС-ийн гэрээ хийгээд орон нутагт нь үлдэж буй өвийн жишээ болгон тус сумыг судлая.
Цогтцэций сум 2023 онд орлогын шилжүүлгээр нийт 1.51 тэрбум төгрөг, 2024 онд 1.63 тэрбум төгрөгийг санхүүжилт авчээ. Харин 2025 онд шилжүүлгийн хэмжээ огцом нэмэгдэж, 4.46 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар ойролцоогоор 2.85 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдсний дийлэнх хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС) болон төсвийн шилжүүлэг бүрдүүлжээ. Ашигт малтмалын лицензийн төлбөрөөс 2023 онд 151.46 сая, 2024 онд 163.09 сая, 2025 онд 357.1 сая, 2026 оны эхний хагас жилд ойролцоогоор 230 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Харин “Тогтвортой амьжиргаа-3” хөтөлбөрийн урамшууллаар 2023 онд 121.17 сая, 2024 онд 81.54 сая төгрөг шилжүүлснийг нээлттэй эх сурвалжуудаас задлан харж болно. Цогтцэцийгийн хувьд энэ их мөнгөөр зөв зүйлсээ санхүүжүүлсэн үү гэж нягтлавал харин өөр дүр зураг тодорно.
Нэгэн жишээ. 2024 оны ОНХС-ийн аудитад тус сум 153.1 сая төгрөгийн нийт 6 төсөл, арга хэмжээг иргэдийн саналыг аваагүй байхдаа төлөвлөсөн гэдгийг тогтоожээ. Мөн ОНХС-ийн төсөл, арга хэмжээний саналд 755 иргэн буюу иргэдийнх нь ердөө 15 хувь хамрагдсныг журмын шаардлагад нийцээгүй гэж аудит дүгнэж, холбогдох албан шаардлага, зөвлөмж өгсөн нь цагаан дээр хараар бичигджээ. ОНХСийн олон улсын үндсэн стандарт нь “Засгийн газар эсвэл дарга, захирагч нар тушааж төсөвлөдөггүй, харин иргэд өөрсдөө санал болгож өөрсдийн амьдрах орчноо сайжруулдаг” иргэдийн шууд оролцооны санхүүгийн механизм байдаг. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйл болон Сангийн яамнаас баталсан ОНХСийн журмаар тогтоосон үндсэн стандарт, зарчмуудаас Цогтцэций суманд хийгдсэн ажлууд болон хөрөнгийн зарцуулалт улстөрчдийн карьерийн хэрэгсэл болон хазайсан гэдгийг илтгэх бодит жишээ болжээ.
Төсөл бүрийг Багийн иргэдийн нийтийн хурал (БИНХ)-ын олонхын саналаар эрэмбэлэх нь хуулийн дагуу ОНХС-ийн хөрөнгийг зарцуулах үндсэн стандарт болдог. Тэгвэл Цогтцэций сумын төсвийн захирагчид энэхүү чухал эрэмбийг өөрчилсөн. Тодруулбал, иргэдээс ирсэн ундны ус, нийгмийн бичил хэрэгцээг хасч, сумын удирдлага, улстөрчдийн мөрийн хөтөлбөрийн замын төслүүдийг оронд нь суулгасан.

Иргэдийн өдөр тутмын ахуй орчны бичил төсөл, тохижилт, ариун цэвэрт зориулах зарчмыг зөрчиж төсвийн 65.6% (3.62 тэрбум ₮)-ийг зөвхөн сумын төвийн хатуу хучилттай авто замд хуваарилж, бусад салбарыг санхүүжилтгүй болгосон. Зам болон дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэсэн сайн талтай ч ОНХС-ийн хөрөнгийн 3-ны 2-оос дээш хувийг ганцхан салбарт цохон хуваарилснаар төсвийн салбар хоорондын тэнцвэр эрс алдагдсан. Ингэснээр БИНХаар иргэдийн өгсөн нийгмийн хөгжил, ахмад настан, хүүхэд залуучууд, нийтийн биеийн тамирын орчин үеийн тохижилтын санал батлагдахгүй хасагдах эсвэл санхүүжилтгүй хаягдах нөхцөлийг бий болгожээ.
Үүгээр зогсохгүй нээлттэй тендер зарлаж, хөрөнгийг зориулалтаар нь нэг цонхоор зарцуулах гэсэн шударга зарчмыг хэлбийлгэн тендер жижиглэх заль хэрэглэн өвс тэжээл, тохижилтын худалдан авалтыг хуулийн хязгаарт багтуулахын тулд 100 сая, 243 сая гэх мэтээр жижиглэн шууд авсан тохиолдлуудыг Аймгийн төрийн аудитын газрын ОНХС-д хийсэн гүйцэтгэлийн аудитад дурдсан байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. ОНХС-ийн хуулийн гол концепци нь “Мөрийн хөтөлбөр биш, иргэдийн шууд саналд үндэслэх” зарчимтай. Гэвч Цогтцэций суманд Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон ажлуудыг БИНХын санал асуулгаар “хамгийн өндөр санал авсан” мэтээр эрэмбэлүүлэн сумын ИТХ-аар баталгаажуулдаг. Уг зөрчлийг Төрийн аудитын газраас “Багаас ирсэн иргэдийн анхны санал сумын түвшинд нэгтгэгдэхдээ эрэмбэ нь өөрчлөгдсөн, иргэдийн санал бус сумын удирдлагын замын болон томоохон төслүүд рүү төсөв шахагдсан” гэж дүгнэсэн нь нэр дэвшигчдийн амлалтыг хэрэгжүүлэхэд ОНХС-ийг чиглүүлж байсны нотолгоо юм.
Орон нутагт уул уурхайн салбарын өгөөж бодитой шингэж, дунд, урт хугацаанд тогтвортой хөгжих үндэс суурийг бүрэн дүүрэн тавьж чадахгүй байгаа нь орлого бага байгаадаа биш, харин түүнийг урт хугацааны хөгжлийн капитал болгон хувиргах институц, төлөвлөлт, хяналтын тогтолцоо хангалттай боловсроогүйтэй холбоотойг өмнөх олон жишээ харуулж байна. Эцсийн дүндээ уурхайгаас хамгийн их мөнгө авсан орон нутаг бус, уурхай дууссаны дараа хамгийн их үнэ цэн үлдээсэн нутаг л уул уурхайн баялгаас өгөөж хүртэж үлдэхийг ойлгох ёстой.
Харамсалтай нь энэ алдааг засахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ-өөс орон нутагт очих хувийг нэмэгдүүлэхээр байна. Урьдчилсан байдлаар уул уурхайтай орон нутагт очих АМНАТ-ийн өгөөж хамгийн багадаа 2, цаашлаад 4 дахин өсөх тооцоолол бий. Засгийн газраас орон нутгийн иргэдэд очих өгөөжийг нэмэгдүүлэх бодлогын алхам хийж буй нь зөв. Гэхдээ тус хөрөнгө оруулалтыг зөв, хяналттай, төлөвлөлттэй, бодлоготой зарцуулах механизмыг эхлээд бүрдүүлэх шаардлагатай байв. Ингэж байж орон нутагт хийж буй хөрөнгө оруулалтууд “элсэнд шингээд” өнгөрөх бус тогтвортой хөгжлийг дэмжих хүч болох учиртайг тооцох ёстой.